Беларусь улсын нутагт хийж байгаа Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээрийн талаар РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээлэв.
Москваг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын Олон улсын хорооны тэргүүн Леонид Слуцкий, Беларусь дахь ОХУ-ын Элчин сайд Борис Грызлов нар төлөөлж байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагийн үдээс хойш "Мединский ажил хэргийн тодорхой чанар, гүн гүнзгий туршлагатай хүн тул Киевтэй хийх хэлэлцээрт Москваг төлөөлж байна" хэмээн тодотгосон юм.Харин Украины талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, “Ард түмний зарц” фракцийн тэргүүн Давид Арахамия, Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк, Дээд Радын депутат Рустем Умеров нар оролцов.
Талууд өмнөх өдөр нь уулзахаар тохиролцсон. ОХУ-ын төлөөлөгчид Беларусь улсад хүрэлцэн ирж, Киевийн төлөөлөгчдийг 15:00 цаг хүртэл хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд Украины эрх баригчид зөвшөөрлөө энэ хугацаа дуусахаас хэдхэн минутын өмнө мэдэгджээ.
Талууд яг ямар асуудлаар ярилцаж байгааг тодорхой мэдээлээгүй. Гэхдээ Украины Ерөнхийлөгч Зеленскийн ажлын алба гал зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг Оростой хийх хэлэлцээний гол асуудал гэж нэрлэжээ. Харин Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Песков хэлэлцээ эхлэхээс өмнө хэлэлцээрийн талаархи Москвагийн байр суурийг зарлаагүй юм. Харин өнөө өглөөнөөс хэлэлцээний талаарх зарим кзүйлс тодорхой болж байна.
"Хэлэлцээ хэцүү байна. Гэхдээ ямар ч ультиматумгүй /цаг хугацааны болон өөр бусад шахалт, шаардлагагүй/ байгаа нь үнэн. Харамсалтай нь Оросын тал хор хөнөөлтэй үйл явцдаа туйлын өрөөсгөл бодитой бус хандсан хэвээр байна" гэж Украины талын төлөөлөгч Подоляк твиттер хуудсандаа бичжээ.
Хэлэлцээний дараа ОХУ-ын төлөөлөгчдийн гишүүн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский хэлэхдээ, зарим нэг нийтлэг асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна гэжээ.
"Украины талтай 5 цаг орчим үргэлжилсэн хэлэлцээ дөнгөж сая дуусч, бид хэлэлцэх бүх асуудлыг нарийвчлан судалж үзсэний үндсэн дээр нийтлэг байр сууриа урьдчилан тодорхойлох боломжтой боллоо" гэж Мединский хэлснийг Интерфакс тодотгожээ.
Хоёр талууд асуудлаа илүү тодорхойлох зорилгоор нийслэл рүүгээ буцсан бөгөөд Макейгийн хэлснээр дараагийн шатны хэлэлцээ хоёр хоногийн дараа Польшийн нутаг дэвсгэрт болж магадгүй байна
Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээрийн үр дүнгээс тийм ч их хүлээлттэй биш байгаагаа мэдэгдээд байгаа юм.