АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара байт харвааны ДАШТ энэ сарын 19-27-нд болов. Тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Энэтхэгийн багийг буулган авч хүрэл медаль хүртлээ.
Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялсан. Улмаар тус тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын багтай учраа таарч 6:0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялжээ.
Ийн Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа.