Монголын улс төрд хавар намрын синдром гэх хэллэг бий. Үнэндээ монголчуудын улс төр хийх хамгийн тохиромжтой цаг нь энэ л дээ. Өвөл нь хүйтэн, хүүхдийн хичээл сургууль гээд зав зайгүй, зун нь зугаалга наадам гээд юун улс төр.
Энэ дундаас хамгийн хүчтэй илэрдэг нь хаврын улс төр. Удахгүй, ирэх сарын дундуур УИХ-ын чуулганы хаврын хуралдаан эхэлнэ. Улс төр ч бас бараг зэрэгцэн эхлэх байх.
Үйл явдлын өрнөл нийгмийн чимээ анирыг харвал хаврын улс төрийн хамгийн халуун хоёр сэдэв байх нигууртай байна. Эхнийх нь Хөгжлийн банк. УИХ ээлжит чуулганаасаа өрсөж ирэх сарын 7-нд Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийхээр товлов.
Чанаргүй зээлтэй хамаарал бүхий нөхдүүд, түүнтэй холбоотой улс төрчдөд хариуцлага тооцох, нэр ус нь холбогдоод байгаа зарим гишүүдийг түдгэлзүүлж шалгах, хамаарал бүхий нөхдүүдийг шүүхээр нотлуулж хариуцлага тооцох нь энэ хаврын экспресс улс төр байх магадлал өндөр. МАН энэ ньюансыг хавсарч тааламжгүй нөхдөөсөө ангижрах далд санаа хаврын улс төрд хавчуулаастай байхыг үгүйсгэхгүй.
МАН-ын нэг, хоёрдугаар хоёр дарга Хөгжлийн банканд хатуу хариуцлага тооцохоо нэгэнт нийгэмд чанга дуугаар зарласан болохоор иргэд хүний мууд дурласандаа бус, шударга ёсны төлөө ийм хүлээлттэй байгаа. МАН-ын хожим хойдын хувь заяа Хөгжлийн банкны шийдэлтэй ихээхэн учир холбогдолтой болсноо улс төрчид эрхбиш анзаарч байгаа биз.
Хаврын улс төртэй хамт ханцуй шамлан ярих асуудал гэвэл мөнөөх давхар дээл байж таарна. Давхар дээлийн хүлээлттэй байгаа Ерөнхий сайд шинээр байгуулагдсан хоёр яамныхаа сайдыг өнөө хүртэл энэ учир шалтгааны улмаас томилж чадаагүй сууж байна.
Л.Оюун-Эрдэнийн танхимын дан дээлтэй сайд нар ч буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэсэн байдлаар хүлээлтэд хүлээстэй байна. Засгаа ийм байдлаар удаан тарамдахгүй байх нь эрх баригчдын эн тэргүүний проблем болж таарна.
Тэгэхээр Засгаа яаж давхар дээлтнүүдээр дархлах вэ. Сөрөг хүчний хоёр төлөөллөөр ҮХЦ-д өргөдөл гаргуулсан ч тэндээ гацаад тэгээд мартагдав. Тэгээд ч энэ нь тийм ч оновчтой арга зам биш, хэдэн давхар дээлтэй сайдын асуудлаар Үндсэн хуульдаа дахин гар хүрэх нь таатай биш. Тэртэй тэргүй Эцэг хуульдаа нэмээд оруулчихмаар хэд хэдэн өөрчлөлт байгаа болохоор үүнийг нэг далайлтаар бөөндөх нь илүү үр дүнтэй.
Ийм гаргалгаа нь гэхдээ энгийн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульдаа өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Доржханд “Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох ёстой” гэсэн ярилцлага өгсөн байна билээ. Үндсэн хуулийн нэг нэмэлт өөрчлөлт нь энэ. Хэрэв журмын тухай хуульдаа өөрчлөлт оруулчихвал заавал найман жил гэлгүйгээр одоо хүсэмжлээд байгаа дөрвөн өөрчлөлтөө Үндсэн хуульдаа нэг мөр оруулах боломж бүрдэнэ. Тэдгээр нь Засгийн газрын гишүүдийг давхар дээлтэй болгох, сонгуулийн холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 эсвэл 108 болгох гэхчлэн асуудал яригдана.
Тэгэхээр энэ хаврын чуулганаар сөрөг хүчний гишүүдээс/магадгүй Х.Доржханд тэргүүтэй / Журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэх магадлал өндөр.
Өөр нэг хувилбар нь УИХ-ын 39 гишүүн хууль санаачлаад нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой гэж байна. Давхар дээл өмсөж сайд болох ил хүсэл, далд шуналтай яваа гишүүд уриа хашгараад л ийм хуулийн төсөл санаачилчихна.
Энэ хаврын улс төрийн зураглал нэг иймэрхүү янзаар л өрнөх магадлал өндөр.
Б.Тулга