"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Тус барилдааны нэгийн даваанд арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд даян аварга Н.Батсуурь нар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо.
Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байв.
Учир нь тэд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж байгаа аж.
Барилдааны тавын даваа өндөрлөх гэж байна. Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн заан Ц.Бямба-Отгоныг амлаж барилдан тав давлаа. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат аймгийн заан Ц.Бямба-Отгон барилдааны дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдоржыг даваад байсан юм.
Тав давж шөвгийн наймд Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, Улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр, Ц.Мөнхбаяр, Улсын начин Ч.Батчулуун, Б.Хишигбаатар нар шалгарч үлдээд байна.