"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Тус барилдааны нэгийн даваанд арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд даян аварга Н.Батсуурь нар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо.
Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байв.
Учир нь тэд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж байгаа аж.
Уг барилдааны дөрвийн даваа дөнгөж сая эхэллээ. Дөрвийн даваанд улсын гарьд М.Бадарч хамгийн түрүүнд учраа бөхөө давлаа. Мөн улсын начин Б.Сангисүрэн, улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр, улсын гарьд ЖБат-Эрдэнэ, Улсын заан Б.Пүрэвсайхан нар түүний араас учраа бөхчүүдээ давлаа.