Украины нөхцөл байдлын талаар ГХЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр "Украинд нөхцөл байдал амаргүй хэвээр байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд "Их 7" болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зэрэг хэд, хэдэн уулзалт олон улсын түвшинд явагдсаныг хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдээлж байгаа. Өнөөдөр үүрээр хүртэлх хугацаанд НҮБ-ын Аюулгүй Зөвлөл Оросын үйл ажиллагааг буруутгасан тогтоолыг батлах асуудлаар хэлэлцсэн ч өнөөдөр тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байна.
Сөргөлдөгч холбогдох талуудын зүгээс яриа, хэлэлцээний ширээний хойно сууя гэдэг санаачилгууд гарсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар тодорхой үйл ажиллагаа явагдсан, энэ чиглэлээр ахиц гарсан зүйл ажиглагдахгүй хэвээр байгаа. Энэхүү нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж байгаа нь ойлгомжтой. ГХЯ-ны зүгээс иргэдээ татан авах асуудалд бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна" хэмээн ярилаа.