Хөгжлийн банкны ТУЗ-ийг 100 хувь өөрчилж чөлөөлөхийг даалгав
Даваа гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, тус банкны ТУЗ-ийг 100 хувь чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа. Хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгосноор Хөгжлийн банкны “их цэвэрлэгээгээ” эхлэв.
Хөвсгөл нуурын орчимд нэмж газар олгохгүй, нүхэн жорлонг устгана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 02 дугаар сарын 23-24-ний өдөр Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд боллоо.
Хөвсгөл нуурыг хамгаалах үүднээс 2022-2024 онд эрэг орчимд нь аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар олгохгүй байх, хур хогийг цэвэрлэх, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг энэ онд багтан устгах, живсэн машин, техникийг 2024 он гэхэд бүрэн татаж гаргаж аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
УИХ-ын ажлын хэсгийнхэн Дэд хороо болж “зэрэг нэмэх” хүсэлт гаргав
Хөгжлийн банкийг шалгах УИХ дахь ажлын хэсгээс анхны мэдээллээ хийлээ. Ажлын хэсгийнхэн 800 гаруй хуудас материал уншиж танилцжээ. Ажлын хэсгийн мэдээлснээр тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 2021 оныг хүртэл 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болсныг дурдав. Мөн 2012 оноос эхлээд 7.4 их наяд төгрөгийн зээл олгогдсон. Үүнээс 3.2 нь чанаргүй болсон гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээлийн барьцааг хангалттай гэж үзжээ.
Тус ажлын хэсгийнхэн “араа шүдгүй” байна гэдгээ хэлж улмаар УИХ-ын дэд хороо болж ажиллавал чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг эрх мэдлийн хүрээнд илүү нарийн тодорхой шалгах боломжтой байна гэдгээ илэрхийлэв.
ГХЯ Украинаас оюутнаа татаж авах асуудлаар “ниргэсэн хойно нь хашгарав”
Украинд байгаа Монгол оюутнуудаа татан аваагүй асуудлаар ГХЯ ихээхэн шүүмжлэлд өртөж буй. Тодотговол, оюутнууд нөхцөл байдал эвгүйтсэнийг мэдэж, эх орондоо очих хүсэлтээ илэрхийлж, ГХЯ-наас "Тэтгэлэгтэй суралцаж буй оюутнуудаа эх орондоо авах хүсэлтэй байна" гэх ганцхан бичгийг хүссэн ч хийж өгөөгүй хэмээн оюутнууд мэдэгдсэн юм.
ОХУ Украинд халдан довтолсон өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тэнд үлдсэн 27 оюутнаа татаж авах асуудлыг хэлэлцсэн. ГХ-ны сайд Батцэцэгийн мэдээлснээр ээхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан гэж мэдэгдсэн. Гэвч цагийн байдал, үйл явдлын өрнөлөөс шалтгаалан оюутнуудаа татаж авах асуудал хүндрэлтэлтэй байна. Ялангуяа байлдаан болж байгаа хотуудын оюутныг татаж авахад бэрхшээл тулгарлаа гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлээд байна.
ЗГ: Зүүнбаян, Ханги чиглэлийн төмөр замыгг эхлүүлнэ
ЗГ-ийн хуралдаанаар Зүүнбаян, Ханги чиглэлийн төмөр замын төслийн талаар Ерөнхий сайд үүрэг чиглэл өглөө. Зүүнбаян, Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан-Сэлэнгийн бүсээс Замын-Үүд, Хөх хот, Эрээн, Бугат чиглэлийн 1722 км маршрутыг Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат 1404 км болгон өөрчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносож тээвэрлэлтийн зардал буурах юм.
Ерөнхий сайд энэхүү төслийг ирэх гуравдугаар сард эхлүүлж 10 дугаар сард дуусгах үүрэг чиглэл өглөө.
“Капитал” банкны битүүмжилсэн өмчийг хоёр санд хуваарилав
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ:
"Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр татан буулгахад Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар ЭМДЕГ, НДЕГ-т нийт 240 тэрбум төгрөгийн өр барагдуулах тооцоо гарсан. Капитал банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс хоёр даатгалын санд тус бүр 7.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс ЭМС-д 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлж өгсөн гэх мэдээллийг бидэнд өгсөн.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий бусад эд хөрөнгүүдийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлж өгөх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ-д даалгасан" гэв.
Төр алдагдсан өмчөө эргүүлж авав
Хувьчлал нэрээр үнэгүй авсан "Эрдэнэт Медипас" эмнэлгийг төрийн өмчид буцаан авав. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр төлөөгүй. Үүгээр барахгүй Эрдэнэт үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээрийг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэлээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнд танилцуулж, одоогийн ханшаар 120 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн цогцолборыг хүлээлгэн өгөв.