МАН-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанаас хоёр жил нь хойно хоцрох дөхөж байна. Алив нөгөө амлалт, ажил хэрэг юу болж байна гэж асуух цаг ирчихэж. Нийслэл Улаанбаатар хотод монголчуудын тэн хагасаас илүү хувь амьдардаг болхоор. Энэ утгаараа МАН ирэх сонгуулийн жилүүдэд эрх мэдлээ хадгалах уу, үгүй юу гэдэг нь Нийслэлд засаглалаа хэрхэн хэрэгжүүлж чадсанаас шууд шалтгаална.
2020 оны НИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж 45 суудлынх нь 34-ийг авсан. УИХ-ын гишүүнээсээ татгалзан байж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон Д.Сумъяабазар хот хэмээх их айлын тэргүүн болсноороо юуг амжуулж ямар бүтээн байгуулалт хийв гэдгийг иргэд харж тооцож л байгаа.
МАН ирэх дөрвөн жилд нийслэлд юу амласан бэ гэдгийг эргэн сануулъя. Иргэдэд гэхээсээ хотын эрх баригчдад илүү хэрэгтэй юм шиг байна.
- Хуванцар сав, шил, лааз хоёрдогч түүхий эд худалдан авах сүлжээг бий болгоно.
- Нийслэлийн дүүргүүдээс олгодог хоол, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан түргэн шуурхай, чирэгдэлгүй шийдвэрлэдэг болно.
- Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлтийг олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэнэ. 2022 онд 500 автобус оруулж ирнэ.
- BRT систем зэрэг багтаамж ихтэй зорчигч тээврийн төрлийг нэвтрүүлнэ.
- Агаарын дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлж, зориулалтын зогсоол, дэд бүтцийг барьж байгуулна.
- Таван шараас-Офицеруудын ордон хүртэлх цахилгаан соронзон тээврийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
- Давхар зогсоолын тоог нэмэгдүүлж, авто зогсоолын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгоно.
- Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийн тарифанд гэр хороололд байгаа аж ахуйн нэгжүүдийг ээлж дараалалтайгаар хамруулна.
- Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.
- Гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгож, үнсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
- Нийслэл үнэт цаас гаргаж зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авч, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Дүүрэг бүрд тусгай хэрэгцээт хүүхдийн төв байгуулна.
- Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн болон хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ.
- Дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
- Туул, Сэлбэ, Улиастай голын эрэг дагуу амралт зугаалгын цогцолбор байгуулна.
- Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багахангай дүүрэгт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүний хадгалалт борлуулалтын цогцолбор төвүүдийг ашиглалтад оруулж, хотыг эрүүл, аюулгүй хүнсээр найдвартай хангах тогтолцоог бүрдүүлнэ.
- Улаанбаатар хотын тойрог замуудыг байгуулж, шинэ хотууд (Шинэ Зуунмод, Майдар, Эмээлт, Багахангайн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Багануурын үйлдвэр, технологийн парк, Налайхын барилгын материал, үйлдвэрлэл, технологийн парк)-ыг холбон хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулна.
- Хотын гудамж талбай орон сууц, гэр хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбайг олон улсын стандартад бүрэн нийцүүлж, шаардлагатай газруудад шинээр байгуулна.
- Улаанбаатар хотын ус хангамжийн шинэ эх үүсвэрийг Сонгинохайрхан уулын бэлд шинээр барьж, ашиглалтад оруулна.
- Самбаллхүндэвийн оршуулгын газар (70 давхар)-т дурсгалын цэцэрлэгт хүрээлэн бүхий тохижилттой оршуулгын үйлчилгээний мэдээллийн нэгдсэн төвийг бий болгоно.
- Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана.
- Жуулчны гудамжны үйл ажиллагааг идэвхжүүлж, гадаад дотоодын жуулчдын зорих газрын тоог нэмэгдүүлнэ.
Дээрх амлалтуудаас яг одоогоор хэрэгжиж биеллээ олсон нь юу байна вэ гээд нэрлэх гэхээр нэг л бүрхэг, санаанд торох юмаар хомсхон байна. 2021 оны бүтээн байгуулалтын улирлаар Улаанбаатарт үндсэндээ юу ч хийгдээгүй. Замын хагархайг данхтай тосоор бөглөж, гудамж талбайг өнгийн цэцгээр чимэж “нүд хуурсанаас” хэтрээгүй.
Бүтээн байгуулалтын улирал удахгүй эхэлнэ. Ирэх өвлийн эхээр энэ зун юу амжуулж хийсэн нь харагдах байх. Иргэддээ хэлэхэд амлалт нэхэх цаг ирж байна шүү.
“Иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулна” гэсэн бүх шатны сонгуулийн амлалтыг нь МАН-д дахин нэг сануулмаар ч юм шиг.
Б.Тулга