Хөгжлийн банк өөрийн гэсэн хуультай гэдгээрээ ялгардаг. Харин энэ хуулинд нь хамгийн том өөрчлөлт оруулж шинэчлэн найруулж баталсан нь 2017 оны хоёрдугаар сарын явдал. Тэр үед МАН засаглаж, УИХ-д 65 суудалтай даналзаж байсан үе. Хэрэв цаг хугацаагаар нь авч үзвэл олонх болсноосоо хойших анхны намрын чуулганаараа Хөгжлийн банкны хуулиа яаравчлан өөрчилсөн байгаа юм. Тодотгож харвал 2016 оны 12дугаар сарын 22-нд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Г.Занданшатар, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Т.Аюурсайхан, Б.Ундармаа, Х.Баделхан, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Д.Ганболд, С.Чинзориг, Г.Тэмүүлэн, Ч.Улаан, Д.Тогтохсүрэн, Д.Дамба-Очир, Ц.Цогзолмаа санаачилж өргөн мэдүүлж байв.
Хууль санаачлагчдын энэ өргөн бүрэлдэхүүнтэй өнөр өтгөн багийнхан дунд их гарын авилгач Д.Хаянхярваа, “Капитал”-ын Б.Ундармаа, МАН-ын дахин дахин туг тахиад байгаа Д.Дамба-Очир гэхчлэн багтжээ.
Мөн өдгөө Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдон яригдаж байгаа нөхдүүдийн нэрс ч энэ дунд цохиж явна. Хэрэв өнөөдрийн энэ өнцгөөс харвал хууль санаачлагчдын цөөнгүйг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болохоор. Б.Ундармаагийн хувьд одоо Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгч нарын нэгээр нэрлэгдэж байна.
Тухайн үеийн хэлэлцүүлэг, хууль хэлэлцсэн өрнөл процессийг харахад гол санаачлагч нь одоогийн Сангийн сайд Б.Жавхлан гэж ойлгогдож байна.
Хөгжлийн банкны өмнөх хуулийн зохицуулалтаар тус банкны зээлээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг УИХ-ын хаврын чуулганаар баталдаг зохицуулалттай байв. Харин 2017 оны шинэчилсэн найруулгаар Хөгжлийн банкны зээлийг ТУЗ нь бие даан шийдвэрлэдэг дархан эрхтэй болсон. Дарга нарын одоо гаслан ганганаж байгаагаар энэ өөрчлөлт тус банкийг дампуурлын ирмэгт авчирсан гэж байна. Уг байдлаараа Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт гэдэг шиг болсон юм байх.
УИХ-ын Ажлын хэсгийн гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банк 2017 оноос өмнө ард түмэн, бизнесүүдийн банк байсан бол 2017 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дарга нарын банк болсон” гэх дүгнэлт хэлсэн. Үүнийг үгүйсгэх аргагүй. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн улс төрийн хамаарлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Энэ асуудлыг хэвлэл мэдээллийнхэн нэр устай нь дэлгэн тавьж байна. Өөрөөр хэлбэл, томоохон зээл бүрийн цаана том дарга, эрх мэдэлтнүүдийн хамаарал, нөмөр нөөлөг байна. Дарга нарын банк болсон гэх нэг агуулга нь энэ.
Хуулийн төслийг яг намрын чуулган завсарласан өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эцсийн хэлэлцүүлэг хийж баталсан байдаг. Цагаан сар ойртсон олны анхаарал улс төрөөс холдсон яг ийм цаг үеэр хууль батлагдсан нь учир холбогдол байсан уу гэж хардмаар.
Зарим гишүүдийн зүгээс бүр хуулийн төслийг яаравчлан батлахыг санал болгож байв. Тухайлбал, өнөөгийн УИХ-ын ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн “Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг одоо батлахгүй юм бол чуулган маргааш завсарлана” хэмээн сануулж байжээ. Яаравчлах шалтгаан цаг хугацааны хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй.
Хуулийн төслийг улс төрөөс хараат бус, хариуцлагатай, ил тод байх зэрэг зарчмыг үндсэн таван чиглэлийн хүрээнд боловсруулж, үүний үнсэн дээр гурван чиглэлээр ахиц дэвшил гарна гэж шинэчлэлийн зорилгоо тухайн үед илэрхийлж байв.
Гэвч өнөөгийн байдлыг авч үзвэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон өөрчлөлт болж таарсан нь энэ. Сайжруулна гэсэн хуулиа саармагжуулаад хаячхаж.
УИХ-ын ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкны хуулийг дахин шинэчлэх агуулгыг ярьж байгаа. Харин яаж...
Г.Хан