“Эрдэнэт” үйлдвэрийн 69.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан “Эрдэнэс медипас” эмнэлэг, 50 айлын орон сууц, 54 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэл зэрэг төрийн өмчийг тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд үнэгүй хувьчилсан байна. Тиймээс тус эмнэлгийг “Эрдэнэт” үйлдвэрийн өмчид буцаан авч, ЭМЯ-ны харьяанд шилжүүлэн бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгохоор болжээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Эрдэнэт медипас" эмнэлгийг үнэгүй хувьчилж аваад зогсохгүй, 2016-2020 оны хооронд “Эрдэнэт” үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийг ажилчдын үзлэг хийх нэрийдлээр авсан байна. Үүнийхээ 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөр гэж буцаан “Эрдэнэт” үйлдвэр рүү шилжүүлсэн байсан. Төрийн өмчийг үнэгүй авна, дээрээс нь төлбөр тооцоо нэрийдлээр үгсэн хуйвалдаж их хэмжээний мөнгө авдаг асуудал байжээ. Ийм асуудал байж болохгүй, бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, төрийн өмчид энэ эмнэлэг буцан ирж байна” гэлээ.