ОХУ Украин руу халдвал Европт 1945 оноос хойших хамгийн том дайн дэгдэнэ гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлжээ.
Барууны улс орны тэргүүнүүд Оросын цэрэг Украин руу хэзээ ч довтолж болзошгүй гэж үзэж байгаа юм. Хэдийгээр Москва Киевийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгүй байгаа тухай удаа дараа зарласан ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өөрт нь байгаа мэдээллээр "Путин довтлохоор шийдсэн" гэж бямба гарагт мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "ОХУ Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулах магадлал маш өндөр байна" гэв. Тэрээр "Тагнуулаас авсан мэдээллээр Оросын цэрэг Донбассаас гадна Беларусийн талаас Украин руу довтолж, Киев рүү дөхөх төлөвлөгөөтэй байна гэж Жо Байден барууны улс орнуудын тэргүүнүүдэд хэлсэн" гэжээ.
"Бидний харж байгаа энэ төлөвлөгөө цар хүрээний хувьд 1945 оноос хойших Европ дахь хамгийн том дайн болж магадгүй. Зарим талаараа энэ төлөвлөгөө аль хэдийн хэрэгжээд эхэлсэн гэсэн шинж тэмдгүүд харагдаж байна" гэж Жонсон хэлжээ.