Засгийн газар 2022 онтой зэрэгцээд хоёр яамаар бүл нэмсэн. Чамгүй хугацаа өнгөрчхөж. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зорьж зүтгэж байгуулсан хоёр яам эдүгээ үүрэг хавсран гүйцэтгэгч түр сайдтай, бүтэц бүрэлдэхүүн нь дундуур, ерөнхий зургаараа нүүдлийн айл шиг ундуй сундуй байна.
Уг нь энэ хоёр яам байгуулах сурагтай зэрэгцэн сайд нарынх нь нэр ус яригдаж байсан. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учралын нэр анхнаасаа дуулдаж байв. Түүний хувьд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороог тэргүүлдэг гэдгээр нь тухайн салбарт илүү ойр гэж харсан байх. Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнийн давхар дээлтнүүдээр танхимаа бөхлөх сонирхолд түлхүү нийцэх нь тодорхой байв.
Гэсэн хэдий ч яам нь байгуулагдаад хоёр сарын хугацаа өнгөрөхөд түүнийг сайдаар томилсонгүй. Тэгвэл зарим эх сурвалж Н.Учралын нэрийг сайдаас татаж, түүний оронд Ч.Анар гэх залуу Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад яригдаж байгаа тухай мэдээлж эхэллээ.
Түүний хувьд улс төрд нэр нь дуулдах байтугай массын хувьд ч танил бус нэгэн. Харин тун саяхнаас, бүр тодруулбал Монгол HD телевизийн Шарк танк гэдгээр нь зарим нэгэн мэддэг болсон байх. Тэрбээр одоо “Анд глобал”, “МLab” компаниудын үүсгэн байгуулагч, захирлын алба хашдаг.
Оюутан ахуйгаасаа өдий хүртэл хувийн хэвшилд ажиллаж байгаа ийм нэгэн замналтай залуу чухам ямар шалгуураар төрийн сайдад нэр нь яригдаж байна вэ гэдэг анхаарал татах асуудал. Мөнөөх мерит зарчим, төрийн ажлын туршлага, Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөл болсон давхар дээлтэй сайдаар танхимаа “цэнэглэх” агуулга хаана гээгдчихээд хэн нэгнийг “гудамж”-наас шууд төрийн сайдын суудал руу үсэргэх гэж байна вэ. Дахин дахин сунгаад байгаа Ковидын хуулийн үйлчлэл дор халхлагдсан тохиролцоо, томилгоо, аль эсвэл захиалга явагдаад байх шиг.
Монгол төрийн босго өндөр байх учиртай. Сүүлийн жилүүдэд зарим нэг тохиолдолд энэ зарчим алдагдсан байж болох ч телевизээр гарч олонд танигдаж, хөрөнгө мөнгөтэй болсноо нэвтрүүлгээр дамжуулан нийгэмд хүргэж байгаа хэн нэгнийг сайдын жишигт дүйцүүлж харах учиргүй байх.
Ч.Анарын тухайд IT-гийн хоёр ч компанитай гэдгийг дээр дурдсан. Эндээс нь салбарласан найман охин компантай гэдгээ ярилцлагадаа дурдсан байдаг. Хэрэв тэр сайдаар томилогдоход хүрвэл энэ нь ашиг сонирхлын том зөрчил үүсгэнэ. Мянга сайхан амалсан ч эрх ашгийн эрэмбэ энд алдагдаж таарна.
Ер нь сайд байж бодлого ярих, сайн инженер байж аппликейшн бүтээх хоёр тэнгэр газар шиг зааг ялгаатай шүү дээ.
Телевизийн захирлаас төрийн сайд болсон өмнөх таагүй жишиг энэ Засгийн газарт бий. Тэр хүн сайд боллоо гээд Монголын соёлын салбарт ямар томоохон бодлого хэрэгжиж, тус салбар урагш хэдэн алхам хийв гээд харвал хэлэх тойм, тоо одоогоор лав алга. Бодлого тодорхойлно гэдэг нь сэтгэлийн хөдлөл, өөртөө итгэх итгэл, хамт олон, эргэн тойрны дундах манлайллаас огт өөр өргөн хүрээний шалгуур сорилт гэдгийн нотолгоо энэ биз ээ.
МАН төрийн сайдын томилгоо дээрээ энэ жишгийг дахин давтаж, зорин зорин байгуулсан шинэ яамныхаа нэр хүндийг эхнээс нь салхинд хийсгэчихвэл бас л нэг муу нэр. Ерөнхий сайд “Давхар дээлгүй сайд нарын зангараг дутаж байгаа” тухай нэг бус удаа мэдээлж байсан. Тэгвэл урдахаа яая гэж байж дахин нэг дан дээлтэй, зангараг дутах сайдаар танхимаа “тарамдах”-аар шийдсэн хэрэг үү.
Б.Тулга