Прокурорын байгууллагаас Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор "Нью яармаг хаусинг прожект” ХХК Ц.Ууганбаярыг цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан билээ.
Тэгвэл шүүхээс Ц.Ууганбаярыг “Ц.Ууганбаяр нь өөрийн амь насанд аюул учруулж болзошгүй гэж үзэн” нэг сар хорих шийдвэрийг гаргажээ. Тодруулбал,Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2.-т шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа хэмээн заажээ.
Эх сурвалж: Isee.mn