Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг шар түвшинд шилжүүлэв
Даваа гарагт /2022.02.14/ Засгийн газар хуралдаж, бэлэн байдлын зэргийг шар түвшинд шилжүүлэв. Ингэснээр иргэд амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгахаас өөр цар тахлын үеийн бусад бүхий хязгаарлалт цуцлагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ энэ үеэр “Вакцинжуулалтыг цаг алдалгүй шуурхай хийсний үр дүнд хоёр жилийн дараа “шар” түвшинд шилжиж байна гээд Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс нээлттэй байна гээд “Цар тахлын хугацаанд өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжоо сэргээж, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо цаашид баримтлах болно. Ногоон түвшин буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа
Монгол Улсын Засгийн газар 2021 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм. Энэ хүрээнд шалгуур үзүүлэлт хангасан оюутнууд МУИС болон ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж байна.
Тэгвэл улирч буй 7 хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн эхний ээлжийн 400 гаруй оюутнуудад захиа, даалгавар гардууллаа.
Мөн төр засаг, түмэн олныхоо итгэл найдварыг даан, эх орныхоо ирээдүйг түүчээлэн цогцлоох үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ухаант дээдсийнхээ мэргэн сургаалыг дээдлэн санаж явахыг захив.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагчийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэх, төгсөж ирэхэд нь орон нутагтаа ажиллах нөхцөл, боломжоор хангах зорилготой юм.
ЗГ: Иргэдийг тавдугаар сараас үзлэгт хамруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гарагт болов. Хурлаас 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн эрт илрүүлгийн оношлогоо, шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.
Урьдчилан сэргийлэх үзлэгт зориулж Эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулна. Ингэснээр иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдэхээс гадна цаашид гарах санхүүгийн эрсдэлээс ч сэргийлэх боломжтой.
Эрүү мэндийн сайд С.Энхболд “Монголд олон улсад хэрэглэж байгаа 24-25 оношилгоо шинжилгээний 17-г хийдэг. Бүх насныхан буюу нярайгаас ахмад үеийн бүх иргэнийг хамруулах зорилтыг тавин бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулагдлаа
Засгийн газрын хуралдаанаас Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд Монгол Улсад ирэх гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт дунд, урт хугацаандаа маш тодорхой болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын бүтээн байгуулалт болон эдийн засгийн бусад салбаруудтай холбох, Монгол оронд хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломжууд, эдийн засаг бизнесийн салбаруудыг Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагаар дамжуулж, таниулах сурталчлах гэх мэт ажлуудыг өргөн хүрээнд хийх засгийн газрын агентлаг бий болж байна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.
Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд 30 хүний бүтэцтэй байгуулахаар төсөвт тусгагдсан юм.
МАН гишүүддээ хариуцлага тооцов
МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2022.02.18-ны өдөр хуралдаж, хэд хэдэн гишүүдэд хариуцлага тооцсон талаараа мэдээллээ. Тус хяналтын хорооны хурлаар бусдад давуу байдал олгож, авилга авч албан тушаалаа ашиглаж, ял шийтгэл эдэлж байсан бол намаас хөөх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д. Дамба-Очир, Д.Хаянххярваа, Б.Ундармаа, Б.Батзориг нарын таван хүнийг намаас хассан болохыг мэдэгдэв. Мөн Э.Эрдэнэжамъяан, Э.Цасчихэр, Д.Батсайхан, н.Дуламсүрэн, н.Даваасамбуу нарыг Бага хурлын гишүүнээс хассан байна.
ИРГЭН Ч.МӨНХБАЯРЫГ ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАВ
Улирч буй долоо хоногийн хамгийн дуулиантай мэдээлэл нь иргэн Ч.Мөнхбаярын баривчилгаа байв. Харин энэ тухай ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр "Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан нь тогтоогдсон. Тиймээс өчигдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Түүний гэрт хуулийн хүрээнд нэгжлэг хийхэд их хэмжээний валют, бичиг баримт гарч ирсэн. Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай удаан хугацаанд хамтран ажиллаж тэдний үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан. Өчигдөр түүнийг үйлдэл дээр нь баривчилсан" гэж мэдэгдэв.