ЗЕЛЕНСКИЙН МЮНХЕНД ХИЙХ АЙЛЧЛАЛЫН ЗОРИЛГО
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Мюнхенд айлчлах үеэрээ Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Германы канцлер Олаф Шольц, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис нартай уулзахаар төлөвлөжээ.
Зеленский Украины тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд цэргийн болон санхүүгийн нэмэлт дэмжлэг хүсэх асуудлаар дээрхи удирдагч нартай хэлэлцээ хийх бодолтой байна гэж ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
Мюнхений Аюулгүй байдлын бага хуралд оролцохоор Германд хийх Ерөнхийлөгч Владимир Зеленскийн айлчлалд АНУ-ын эрх баригчид түгшиж байгаа тухайгаа өмнө нь мэдээлж байсан. Энэ шалтгаанаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины удирдагчийг эзгүйгээр далимдуулж довтолж магадгүй гэж тайлбарлажээ.
Мюнхений аюулгүй байдлын бага хурлыг 2022 оны хоёрдугаар сарын 18-20-ны хооронд зохион байгуулж байна.
ДОНЕЦК БОЛОН ЛУГАНСКТ ДАЙЧИЛГАА ЗАРЛАЖЭЭ
Украины зүүн өмнөд хэсэгт орших өөрсдийгөө тунхагласан Бүгд найрамдах улсуудын Оросыг дэмжигчид хурцадмал байдлын түвшинг нэмэгдүүлсээр байна гэж ВВС мэдээлэв. : БНДУ/Донецк/-ын тэргүүн Денис Пушилин бямба гарагт бүх нийтийн дайчилгаа зарлалаа. Үүнээс хэсэг хугацааны дараа Бүгд Найрамдах Луганск Улсын тэргүүн Леонид Пасечник түүний үлгэр жишээг дагажээ.
Пушилин "Өнөөдөр би бүх нийтийн дайчилгааны тухай зарлигт гарын үсэг зурлаа. Гартаа зэвсэг барьж, гэр бүл, үр хүүхэд, эхнэр, ээжийнхээ төлөө зогсох чадвартай Бүгд найрамдах улсын бүх эрчүүдэд хандан уриалж байна" гэж Пушилин мэдэгдлээ.
“Украины талаас Бүгд Найрамдах Донецк, Луганск улсын нутаг дэвсгэр рүү буудлага хийх нь нэмэгдэж байна. Манай ардын цэрэг, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын алба Украиныг няцаахад бэлэн байна. Ямар ч байсан бид Киевийн түрэмгийллийг барьж чадна. Бид бүх хүчин чармайлтаа нэгтгэх ёстой гэж Пушилин мэдэгдлээ.
Харин Пасечникийн зарлигийн дагуу 18-55 насны эрэгтэйчүүдийг улсаасаа гарахыг хориглоно.
Баасан гарагийн шөнөөс бямба гарагийн өглөө Донецк болон Луганскийн Бүгд найрамдах Улсын Оросыг дэмжигч засаг захиргаа Украины арми тус хоёр улсын хот суурин газруудыг буудсан тухай мэдээлсэн боловч эдгээр мэдэгдлийг батлах үнэмшилтэй нотлох баримт тун бага байна хэмээн ВВС мэдээлэв.
Гал зогсоохыг хянах, зохицуулах нэгдсэн төв дэх Донецкийн төлөөлөгчийн газар шөнийн цагаар Украины талаас Донецкийн өмнөд хэсэгт байрлах Докучаевск хотоос Азовын тэнгисийн эргийн Саханка тосгон хүртэлх хэд хэдэн суурингууд болон байлдааны шугамын нэг хэсэг рүү хэдэн арван сум, мина харвасан тухай мэдээлсэн юм.
Васильевка тосгонд шахуургын станц минометын галд өртөж, тосгоны цахилгаан тасарсан гэжээ.
ПУТИН ДОНБАССЫН ДҮРВЭГСДЭД 10 МЯНГАН РУБЛЬ ӨГӨХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
Донбасст Украины зүгээс аюул занал нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын иргэд Орос руу олноороо дүрвэж байна. Донбассаас Ростов мужид ирсэн дүрвэгсдэд яаралтай 10 мянган рубль олгохыг Путин засгийн газартаа үүрэг болгов. Энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлэв.
Ерөнхийлөгч мөн Онц байдлын яамны даргын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприянтай ярилцаж, Ростов муж руу яаралтай нисч, дүрвэгчдийг байрлуулахад шаардлагатай бүх зүйлийг зохион байгуулахыг даалгажээ.
Өмнө нь өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Улс (БНДУ)-ын тэргүүн Денис Пушилин хүн амыг Орос руу бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэх тухай мэдэгдсэн юм. Эхний ээлжинд эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настнуудыг гаргах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.
Пушилин Донбассын нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан эдгээр арга хэмжээг авах шаардлагатай байна гэдгээ хэлжээ.
БАЙДЕН ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ОРОС КИЕВТ ЦОХИЛТ ӨГНӨ ГЭВ
АНУ-ын Ерөнхийлөгч Байден ойрын өдрүүдэд Оросууд Украин руу довтолж, Киев хотыг эзлэх тухай мэдэгдэв. Сануулахад, Тэрбээр өмнө нь энэ сарын 16-нд Орос Украин руу довтолно хэмээн мэдэгдэж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ, Орос ирэх долоо хоногт Киев рүү довтлохоор төлөвлөж байна гэж Цагаан ордны YouTube сувгаар цацагдсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Тэрээр хэлсэн үгэндээ Оросын арми Беларусийн талаас, Орос Украины хилийн дагуу, өмнөд хэсэгт нь Хар тэнгис хүртэл Украиныг бүсэлсэн гэжээ.
Ирэх долоо хоногт буюу ойрын өдрүүдэд Украин руу Оросын зэвсэгт хүчин довтлохоор төлөвлөж байна гэж үзэх үндэслэл бидэнд бий. Тэд 2,8 сая гэм зэмгүй хүн амьдардаг Киев хотыг онилно гэж бид итгэж байна гэв.
Харамсалтай нь Байден ийм төлөвлөгөөг Москва бэлтгэсэн тухай ямар ч нотлох баримт хэлсэнгүй.
Байденаас Путин Украинд халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа гэдэгт итгэлтэй байгаа эсэхийг асуухад "Путин шийдвэр гаргасан гэдэгт би итгэлтэй байна. Үүнд итгэх шалтгаан бидэнд бий.
Тэгвэл энэ нь Украины эргэн тойрны өнөөгийн асуудалтай холбоотойгоор Москватай дипломат хамтын ажиллагаагаа зогсооно гэсэн үг үү гэсэн асуултад тэрээр "Үгүй, Путинийг үүнийг хийх хүртэл дипломат арга нь бидний сонголт хэвээр байх болно" гэжээ.
ЖОНСОН: БАРУУНЫХАН ИЛҮҮ ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцохын өмнө Украины талаар дахин мэдэгдэл хийж, шаардлагагүй цус урсахаас зайлсхийх боломж байсаар байна гэж мэдэгдэв.
"Гэхдээ энэ нь бидний ойрын түүхэнд үзээгүй барууны эв санааны нэгдлийн хүчирхэг байдлыг шаардах болно. Украинд шинэ халдлага хийх оролдлогын төлөө ямар өндөр үнэ төлөхийг Холбоотнууд Ерөнхийлөгч Путинд санал нэгтэй тайлбарлах ёстой" гэж Жонсон хэлэв.
Эх сурвалж. Лента.ру, ВВС, Риа новости