МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр цаг хойшлуулан байж хуралдав. Хурлын дуулиан өмнөх өдрөөс нь эхлэн дуулдаж, янз бүрийн таамаг дэгдээгээд байв. Энэ бол шударга ёсны хүлээлтийг тодорхой хэмжээгээр илэрхийлж буй байдал.
Харин хурлын үр дүн, гол шийдэл юу байв... Хариу нь товчхондоо “Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэг болов. Энэ намд дахиад хэрэг болохгүй, урьд нь улс төрийн хариуцлагаа хүлээчихсэн, бүр зарим нь шүүхээр ял шийтгэлээ эдэлчихсэн мөнөөх муу нэрт хэдийгээ намаас хөөснөөр шударга ёсны тэмцлийнхээ анхны ялалтын тугаа өргөв.
Тодруулбал: УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг намаасаа хасав.
Тэдний хувьд намд байлаа ч яалаа, байхгүй байлаа гээд ч алдах юмгүй болчихсон карьер нь дуусчихсан нөхөд. Хөгжлин банкны хөлд дахиад ширвэгдчихлээ. МАН-ын Ерөнхий хорооны шийдвэрийг сонссон иргэд “Энэ хэд чинь одоо болтол намын гишүүнээсээ хасагдаагүй байсан юмуу “ гэж эргэлзэж гайхаж байна билээ.
МАН-ын дүрмийн шинэчлэлийн хүрээний агуулга нь авилга, албан тушаалын хэрэгтнүүдэд хариуцлага тооцох гэсэн өгүүлэмжээр илэрхийлэгдэж байгаа. Энэ нь үндсэндээ хариуцлага тооцох хоёр өөр кейс уншигдаж байгаа юм. Нэгд, авилга, хоёрт албан тушаалын хэрэг. Хэрэв ингэж хөөвөл нөгөө ЖДҮ-чид үүнд хамаарч мэдэх логик бас байгаа.
Гэхдээ шүүхээр нотлогдоогүй гэдгээр МАН-ын гишүүнээс хөөгдөж байгаа дээрх хэдэн нөхрийн сүр сүүдэрт халхлагдаад өнгөрөх биз.
Хяналтын хорооноос Ж.Эрдэнэжамъян, Б.Даваасамбуу, Э.Цасчихэр, Г.Батсайхан, Д.Дуламсүрэн нарыг МАН-ын Бага хурлын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдсэн. Бага хурал бол залуу улс төрчдийн зиндаагаа ахиулах чухал дамжлага. Харин энэ шатанд нь хариуцлага тооцох нь угтаа “барын зулзагыг багад нь” гэдэг шиг намыг хариуцлагатай боловсон хүчнээр бэхжүүлэхэд зөв зүйтэй алхам болж мэдэх юм.
Гурав хоногийн дотор тайлбараа ирүүлэх МАН-ын нэр нөлөө бүхий найман гишүүний хувьд Хөгжлийн банкны гол зээлдэгч нараар нэрлэгдээд байгаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт чанаргүй зээлийн асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн яаравчлан мэдээлэл хийсэн. Цаадуул нь ч бас нэг иймэрхүү янзаар улсаа хөгжүүлэх гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо үгтээж байгаа тухай ярина биз.
МАН-ын гишүүддээ хариуцлага тооцсон дуулиан одоогоор иймэрхүү зураглалаар өнгөрөв. Ерөнхийдөө хал бал багатай өнгөрч байна. “Жараахай барилаа” гэдэг шиг. Тэгснээс энэ намын нэр нүүрийг нийгэмд улалзуулдаг акулууд ч цөөн биш шүү дээ. Олзуурхах юм гэвэл МАН хариуцлага ярьж, бас тооцож эхэлж байгаа явдал.
Г.Хан