“Хорийн бүлэг”-ийн бүх гишүүн орон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд идэвхийлэн ажиллах хэрэгтэй байна гэж Индонезийн Сангийн сайд Сри Мульяни Индравати өнөөдөр мэдэгдээд, энэ асуудал нь “COVID-19” цар тахлаас илүү аюул занал учруулж байгааг анхааруулжээ.
Индонезийн нийслэл Жакарта хотноо пүрэв, баасан гарагт зохион байгуулж буй “Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын уулзалтыг нээн үг хэлэх үеэрээ С.Индравати ийнхүү мэдэгдсэн байна.
Тэрбээр хэлэхдээ, “Хорийн бүлэг”-ийн эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан төлөөлөгчид цар тахлын дараах эринд дэлхийн эдийн засгийг сэргээх стратеги олоход, мөн богино хугацаанд улам сайнаар сэргэх хүчин чармайлт гаргахад түлхэц болох ёстой хэмээгээд, уур амьсгалын өөрчлөлт нь анхаарах ёстой чухал асуудлын нэг гэдгийг тодотгожээ
Тийнхүү С.Индравати “Хорийн бүлэг”-ийн орнуудаас нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулж, ногоон эрчим хүчийг хөхиүлэн дэмжихэд хувь нэмрээ оруулах тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтыг дэмжих арга замыг эрэлхийлэхийг хүссэн байна.
“Эрчим хүчний шилжилтийг түргэтгэхэд бидний өгөх үүрэг амлалт ихээхэн ач холбогдолтой. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд улс орнуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал байна” гэж тэрбээр хэлээд, Индонез улсын хувьд нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг эдийн засгийг дэмжихийн тулд эрчим хүчний шилжилтийг түргэсгэхэд анхаарч байна гэв. Мөн ногоон эрчим хүчийг хөхиүлэн дэмжихийн тулд бид олон улсын санхүүжилтийн эх үүсвэрийн талаар ярилцаж, хувийн хөрөнгө оруулалтад илүү их боломж болоцоог нээх хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.
Индонезийн Төв банкны тэргүүн Перри Варжиёгийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлүүд нь байгаль орчны хямралыг үүсгэж болзошгүй тул дэлхийн эдийн засагт аюул занал учруулах болоод байгааг сануулжээ. Түүний хэлснээр, хоёр өдрийн уулзалтаар эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх гарц стратеги, дижитал эрин үеийн санхүүжилтийн систем, тогтвортой санхүүжилт, санхүүгийн хүртээмж, олон улсын татвар зэрэг зургаан үндсэн сэдвийн талаар хэлэлцэх ажээ.
Montsame.mn