Түгжрэлийг бууруулах зорилгоор 59 сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн боловсролын газраас гаргасан. Тэгвэл Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг тэдгээр сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулахаар болжээ.
Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас мэдээлэл өглөө. Тэрээр "Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хооронд нь зөрүүлэх санал гаргаад байна. Улмаар өнөөдрөөс баасан гараг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал асуулга явуулна. Эдгээр 59 сургуульд 85 мянган сурагч байна. Тэдний 23 мянга нь такси болох хувийн унаагаар хичээлдээ ирдэг байна. Тиймээс дээрх зохицуулалтыг хийснээр түгжрэл 12.5 хувь буурна. Гурав хоногт хийсэн санал асуулгын дүнгээс шалтгаалж зохицуулалт хийнэ. Хичээлийн цагийн хуваарь өөрчлөгдөхөөр эцэг, эхчүүдийн ажил цагт мөн өөрчлөлт орох шаардлага гарна. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн цагийн хуваарьт уян хатан зохицуулалт хийх санал гаргасан. Өглөө 07.00-10.00 цагийн хооронд ажилдаа ирж болно гэсэн үг. Ажил тарах цаг ч мөнгө ирсэн цагаасаа хамаараад өөрчлөгдөнө. Үүнийг мөн санал асуулгаар шийдвэрлэнэ. Тиймээс иргэд санал асуулгад идэвхтэй хамрагдах шаардлагатай" гэлээ.