Путин Украины асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг мэдэгдэв
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгааг мэдэгдлээ.
Түүний хэлснээр, Оросын аюулгүй байдлын баталгааны асуудлыг Путин санаачилсан. Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлыг илүү том асуудлын зөвхөн нэг хэсэг гэв. Мэдээж, Ерөнхийлөгч Путин хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч тодотгожээ.
Гэрээ байгуулах боломжийг Орос үгүйсгэхгүй
Үүнээс өмнө ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Европ дахь аюулгүй байдлын баталгааны талаар НАТО-той зөвшилцөх боломжийг хүлээн зөвшөөрч, "боломж үргэлж байдаг" гэж мэдэгджээ. Владимир Путин ГХЯ-ны НАТО болон ЕХ-нд өгөх хариу бичгийн текстийг баталлаа. Лавровын хэлснээр, эвслийн илгээлтэд бичсэн хариу арга хэмжээний төсөл арван хуудас бөгөөд одоогийн байдлаар дипломатууд хариуг эцэслэн боловсруулж байна.
Москва, Киев хоёр дайн эхлэх мэдэгдэлтэй санал нийлэхгүй байна
Москва түрэмгий төлөвлөгөөний талаарх аливаа буруутгалыг эрс няцаасаар ирсэн. ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова АНУ, Их Британийн бодлогыг дайны сонгодог суртал ухуулга гэж нэрлэв. Тэрбээр “Англо-Саксонуудад дайн хэрэгтэй. Ямар ч үнээр хамаагүй" гэж тэр мэдэгджээ.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой удахгүй болох томоохон хэмжээний дайны тухай АНУ болон Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь айлган сүрдүүлсэн явдал гэж мэдэгдэв. АНУ болон Барууны орнуудын Киевт хэзээ мөдгүй дайн болох гэж байгаа тухай хэтрүүлсэн мэдээлэл нь Украины эдийн засгийг хямруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэж урьд нь бас мэдээлж байсан юм.
Зеленский түншүүддээ хандан оросууд Украинд халдан довтлохоор төлөвлөж байгааг нотлохыг уриалж, 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийг "Эв нэгдлийн өдөр" болгон зарлаад байна.
Хамтарсан сургуулилтаа дуусгасан цэргийн тойргийнхон үндсэн гарнизон руугаа буцаж эхэллээ
Орос, Беларусийн хамтарсан "Союзная решимость-2022" сургуулилт түрүүчээсээ дуусч энд оролцсон цэргийн анги нэгтгэлүүд үндсэн байршил руугаа буцаж эхэллсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэв.
"Өмнөд болон баруун бүсийн цэргийн тойргийн ангиуд үүрэг даалгавраа биелүүлж, техник зэвсэглэлээ төмөр зам, авто тээврийн хэрэгслүүдэд ачиж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс үндсэн гарнизон руугаа шилжиж эхэлнэ" гэдтйг тэрбээр онцоллоо.
Өмнөх өдөр нь Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар уулзсан юм. Тэд Орос, Беларусийн цэргийн маневр, аюулгүй байдлын баталгааны талаарх хэлэлцээний явцын талаар ярилцсан тухай мэдээлж байв.
Өнөөдөр Оросын цэргийн ангиуд төмөр замын платформ дээр техник төхөөрөмжийн зарим хэсгээ ачиж байгаа видео бичлэгийг мөн үзүүллээ. Уг дүрс бичлэгээс харвал танк, явган цэргийн байлдааны машин, өөрөө явагч их бууны төхөөрөмж, мөн шинэчлэгдсэн Т-72В3-ын цуваа зэргийг үндсэн байршил руу нь буцааж байгааг анзаарч болохоор байлаа.
Гэхдээ зарим нэгжүүд Беларусийн нутаг дэвсгэрт хэвээр үлдэх юм. Тухайлбал, цэргийн Зүүн тойрог болон Агаарын цэргийн хүчний бие бүрэлдэхүүн.
Орос-Беларусийн хамтарсан маневр хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн. Харин одоо үүний хоёр дахь үе шатны хүрээнд холбооны орнуудын хариу арга хэмжээний хүчийг шалган тогтоох юм. Энэ хоёр дахь шат энэ нь 2-р сарын 20 хүртэл үргэлжилнэ. Зорилго нь гадны түрэмгийлэл, террорист халдлагын эсрэг тактикийг боловсруулах явдал юм.
Орос, Беларусийн хамтарсан маневрууд нь хамгаалалтын шинж чанартай бөгөөд хэнийг ч заналхийлдэггүй гэдгийг зохион байгуулагчид удаа дараа мэдэгдэж байгаа юм.
Төрийн Дум Донбасс /ДБНУ/ болон Луганскийн Бүгд найрамдах улс ЛБНУ/-ыг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргав
Мягмар гарагт Төрийн Дум ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан өөрийгөө тунхаглаад байгаа Донбасс /ДБНУ/болон Луганскийн Бүгд найрамдах улс/ЛБНУ/-ыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэдгийг уриаллаа.
Сануулахад ОХУ-ын Төрийн Дум энэ хоёр Бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг батлаад байгаа юм. Хэд хоногийн өмнө Геннадий Зюганов тэргүүтэй ОХУ-ын Коммунист намын депутатууд Донбасс болон Луганскийн бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай уриалгын төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм. Санаачлагчдын үзэж байгаагаар энэ алхам нь "боломжтой бөгөөд ёс суртахууны хувьд үндэслэлтэй" гэжээ.
Эх сурвалж: Риа болон бусад