Ням гарагт 35 настай эмэгтэй Нью-Йорк хотын Чайнатаун дахь гэртээ хутгалуулж амиа алдсан явдал АНУ-ын Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн сүүлийнх нь болжээ.

Хохирогч Кристина Юна Ли гэртээ ирэх үед гэмт этгээд дагаж ороод амийг нь хөнөөсөн байна.
Сэжигтэн 25 настай Ассамад Нэш гэгчийг баривчлан саатуулсныг Даваа гарагт Нью-Йорк хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Ли нь дижитал хөгжмийн Splice онлайн платформыг эрхэлдэг компанид ахлах продюсерын албан тушаалд ажилладаг, солонгос гаралтай эмэгтэй юм байна.
Цар тахлын үед АНУ-д Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн гаралт тасрахгүй байгаа.
Сар хүрэхгүй хугацааны өмнө Нью-Йорк хотын Таймс Скюэрийн метроны өртөөн дээр нэг этгээд Ази гаралтай эмэгтэйг төмөр зам руу түлхэж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан юм.