Украины Гадаад хэргийн яам энх тайван байдлыг тогтоохын тулд НАТО-д элсэхээс татгалзсан тухай Элчин сайд Пристайкогийн мэдэгдэлд хариу өглөө.
Их Британид суугаа Украины Элчин сайд Вадим Пристайко тус улс мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд НАТО-д элсэхээс татгалзсан тухай мэдээлэл өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. Тэрбээр энэ тухай ВВС-гийн радиод ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Хөтлөгч дипломатчаас Киевийн эрх баригчид болзошгүй дайнаас зайлсхийхийн тулд тус холбоонд элсэхгүй байх талаар бодоход бэлэн байгаа эсэхийг асуухад "заримдаа ийм дохио эвсэл өөрөөс нь ирдэг" гэж Элчин сайд хариулав. Хэрэв "маргааш" халдлага эхэлбэл Украин ямар ч эвслийн гишүүн биш тул хамгаалалтгүй үлдэнэ гэж тэр тэмдэглэв. Үүний зэрэгцээ тэрбээр тус улс НАТО-д элсэх нь Орост биш, одоогийн Оросын эрх баригчдад заналхийлж байна гэж нэмж хэлжээ.
Вадим Пристайко ВВС-д өгсөн ярилцлагадаа, Украин Оростой үүссэн нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд Хойд Атлантын холбоонд элсэх чиг хандлагаа өөрчлөхийг зөвшөөрч магадгүй гэж мэдэгдсэн юм.
“Ялангуяа аюул заналхийлэл ойрхон байгаа үед бид ийм шийдэл рүү түлхэгдэн орж болох юм. Бид хамгийн сайн гарцыг олохын тулд уян хатан байдлыг эрхэмлэдэг. Хэрвээ ноцтой буулт хийх шаардлагатай бол энэ нь бидний хийж чадах зүйл юм" гэж Пристайкогийн хэлсэн үгийг хэвлэлүүд иш татжээ.
Үүний дараа Украйн дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд олон буулт хийхэд бэлэн байгаа тухай мэдээллийг дипломатч ярилцлагынхаа үеэр нэмж тодруулсан гэж хэвлэлүүд мэдээлсэн. Харин энэ бүхний хариуд Украины Гадаад харилцааны яамны төлөөлөгч доорхи хариуг өгчээ.
Украины ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Олег Николенко Их Британи дахь элчин сайдынхаа дээрхи үгэнд тайлбар хийхдээ нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулахын тулд бусад улс орон, олон улсын байгууллагуудтай ямар ч хэлбэрээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэсэн хэдий ч Киев НАТО-д элсэхээс татгалзаж магадгүй гэсэн мессежийг контекстээс гадуур гэж нэрлээд, улсын аюулгүй байдлын хамгийн сайн баталгаа нь "Украиныг эвсэлд /НАТО/ нэн даруй элсүүлэх явдал байх болно" гэжээ.
Үүний зэрэгцээ Украины Үндсэн хуульд харшлах шийдвэр гаргаж болохгүй" гэж Украины ГХЯ-ны төлөөлөгч сануулсан байна.
Сануулахад, Украйн улс Хойд Атлантын эвсэлд нэгдэх хүсэл нь тус улсын Үндсэн хуульд тусгагдсан байдаг аж. Тодруулбал, Дээд Рада /парламент/ 2019 оны хоёрдугаар сард Үндсэн хуулиндаа холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж баталжээ. 2020 онд Украин цэргийн хүчирхэгжсэн блокийн түнш болсон хэдий ч өөрөө энэ байгууллагад элсээгүй байгаа юм.
Орос улс баруунаас шаардаж буй аюулгүй байдлын баталгаандаа НАТО-г зүүн тийш тэлэхгүй байхыг шаардсан. Үүний зэрэгцээ Кремль аливаа улсын эсрэг түрэмгий төлөвлөгөөгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа ч Москвагийн Киев рүү “түрэмгийлэх” сэдэв гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэвхтэй яригдсаар байна.
Эх сурвалж: RIA novosty болон Politexpert