Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 12, 13-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 468 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 364 мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 3, нийт 10 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 107, орон нутагт 40, нийт 147 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн өнөөдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэн. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, “Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явах”-аар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Түүнчлэн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчихоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч нар өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.