Хөгжлийн банкны хөлд чирэгдэж мэдэх олон асуудал бий. Ялангуяа улс төр талаасаа. МАН 30 дугаар их хурлаасаа намын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээлгэх боломжийг нээлттэй болгосон дүрмийн шинэчлэлт хийсэн. Өөрөөр хэлбэл буруутай нь шүүхээр нотлогдвол намын гишүүнчлэлээс хасна. Ямар ч тохиолдолд улс төрийн дэмжлэг авахгүй гэсэн үг. Харин дүрмэндээ оруулсан энэ өөрчлөлтийг УДШ-ээр батлахтай зэрэгцэн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал хүчээ аван хөврөв.
Энэ яавч цаг хугацааны зүгээр нэг давхцал биш биз. Чанаргүй зээлээр хэнгэрэг дэлдэж, түмний сонорт хүргэсэн “хэргийн эзэн” нь МАН өөрөө. Тооцоотой, тохироотой, дагалдан ирэх боломж, дагаж тонгорох мэхээ тооцсон алхам гэж харагдаад байгаа шүү.
Тиймээ, боломж. Баасан гарагт болсон Хөгжлийн банкны хэлэлцүүлэгт оролцсон МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “Улс төр талаасаа харахад Хөгжлийн банкны энэ асуудал бидэнд боломж олгож байна” гэж улаан цагаан хэлчихэв. Тэрбээр “Үүнийг бид улс орон, ард иргэддээ олдсон боломж гэж харж, дийлдэхээ байсан задарсан олон зүйлтэй тэмцэж, цэгцэнд нь оруулахын төлөө ажиллах ёстой. Энэ дээр улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдээ нэгэн зүгт харж хамтран ажиллаасай гэж хүсэж байна” гэлээ.
Үүгээрээ тэр нам доторхи цэвэрлэгээ эхэлж байна гэсэн цан цохив. Эрх баригч намын дээрээсээ хоёр дахь хүн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар намаас нь хэн хэн шуурганд туугдахыг тооцож мэдэж л байж таарна.
Задарсан дарга нарынхаа даварсан хандыг дарахад Хөгжлийн банкны асуудал энэ намд хэрэгтэй гэдгийг тэр энэ үгээрээ ийнхүү нотлов. Энэ бол Д.Амарбаясгалан даргын ил болгосон эхний агуулга.
Харин хоёр дахь нь 76 даргын эрх мэдлийг задлах тухай байв. Тэрбээр “Улс төрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг сарниулах ажлын бодитой ажил хийх шаардлага үүсэж байна. 76 гишүүн бүх эрх мэдлийг төвлөрүүлээд үүнийгээ алдахгүйн төлөө хичээдэг байдлыг задалж сарниулахын төлөө ажиллана” гэлээ.
Уул шугмандаа энэ бол маш том агуулга. Монголын улс төрд ус агаар шиг үгүйлэгдэж байгаа өөрчлөлт мөн үү гэвэл мөн. Шинэ хэрнээ хуучин сэдэв. Хуучин гээд хуучирдаггүй сэдэв. Харин нийтийн эрх ашиг талаасаа хэлэхээсээ хийх нь илүү чухал. Том намын том даргын хэлж ярьж байгаа бүхэн наанадаж 2024 оны сонгууль хүртэл ард түмний ой санамжид хадгалагдана.
Бодит амьдралд Монгол Улс дарга төвтэй, түүнийгээ тойрон эргэлдсэн зураглал л илүү тод. Иргэд хууль тогтоогч 76-гаа “тэнэг мангуу”, “ухна” энэ тэрээр нэрлэдэг ч дарга л гэж хардаг, бас тэд маань өөрсдийгөө маш том дарга гэж тооцдог, үүндээ хэдэн зуун хувь итгэдэг. Ийм л сэтгэхүй бий. Гэтэл угтаа УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. УИХ-ын гишүүн хууль хэлэлцэж батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих л үндсэн үүрэгтэй.
Ийм байсаар атал тэд төрөөс эрх ямба эдэлж, халдашгүй эрхээр хамгаалуулж, төсөв томилгоо гээд оролцохгүй юмгүй, нэмэхгүй хошуу гэж үгүй болсон байх юм. “Ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх" тангарагтай атлаа зөвхөн тойргоо л торддог, төсвийн хөрөнгийг тийш нь тарамдуулдаг, ЖДҮ, Хөгжлийн банкны зээлийг хуу хамдаг, төрийн албыг төрлийн алба болгосон гэхчлэн ерөөсөө л “том толгой” дарга нар болон “төрөл арилждаг”.
Энэ мэт төвлөрсөн эрх мэдлийг задлана гэдгээ Д.Амарбаясгалан дарга хэллээ. Харин яаж...
Энэ сэдвээр бид үргэлжлүүлэн нийтлэх болно.