Улирч буй долоо хоногийн Монголын гурван гол сенсаац мэдээлэл байна. Нэгдүгээрт, Хөгжлийн банк, хоёрдугаарт, нэмэх градусын дулаантай Жиниан хотоос зориулалтын бус тээврээр 400 гаруй тонн тахианы махыг шинийн нэгний өдөр хилээр оруулж ирсэн, гуравдугаарт, говьд нүүрсний уурхай эзэмшдэг нэг настай Монгол хүүгийн тухай гадаадын хэвлэлийн мэдээлэл.
Харин энэ өдрүүдэд Засгийн газрын ээлжит хуралдаан болон Хөгжлийн банканд хяналт тавих УИХ-ын ажлын хэсгийг томилсныг эс тооцвол улс төр “унтаа” байлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 9-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА 100 ХУВЬ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭНЭ
Халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 56, PCR шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурчээ. Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа учраас хоёрдугаар сарын 14-нөөс буюу маргаашаас эхлэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэв.
МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙГ АШУҮИС-ИЙН ХАРЬЯАНД ШИЛЖҮҮЛЭВ
Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлэв. Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
ХИЛ ДЭЭР ХУРИМТЛАГДСАН НҮҮРСИЙГ ГАРГАЖ ЭХЭЛЖЭЭ
Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ. Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР ХӨГЖЛИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСГИЙГ АХАЛНА
Сар шинийн баярын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүд Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн асуудлыг хөндөн тавьж байв.
Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томилов. Ажлын хэсэгт Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллахаар болжээ.
УИХ-ын ажлын хэсэг Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах аж. Үүнээс гадна Хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтгэн судлаад хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулна.
УУРХАЙ ЭЗЭМШДЭГ МОНГОЛЫН НЭГ НАСТАЙ "БОСС БЭБИ"
“Зохион байгуулалттай гэмт хэрэг, авилгын мэдээллийг хүргэдэг консорциум”-аас гаргасан судалгаагаар томоохон компаниудад хувьцаа эзэмшдэг дэлхий даяар байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн мэдээллийг ил болгожээ. Люксембургт төвтэй компаниудад томоохон хувьцаа эзэмшдэг нийт 300 орчим хүүхдийн мэдээллийг олж тогтоосны дунд монгол хүүхдийн мэдээлэл байсан нь анхаарал татжээ. Тодруулбал, Монголын говьд нүүрсний томоохон компанийн хувь эзэмшдэг нэг настай монгол хүүхэд байна гэж уг консорциумаас мэдээлсэн байна.
Ил тод байдлын төлөө тэмцэгч Роман Борисович хэлэхдээ “Нэг настай хүүхэд шийдвэр гаргаж, компани удирдаж чадахгүй. Энэ бол жинхэнэ эзэмшигчдийг нуусан хаалт гэдэг нь ойлгомжтой” гэжээ.
Харин энэ талаар манай АТГ-аас “Энэ бол офшор бүс. Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байна гэдэг нь цаана нь албан тушаалтан эсвэл, улс төрд нөлөө бүхий этгээд байгаа гэж сэжиглэн шалгаж болох үндэслэл байна” гэжээ.
“ӨӨРӨӨР НЬ ТӨЛҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Хөгжлийн банк гадаад зах зээлээс босгосон 800 сая ам долларын өрийг ирэх 2023 онд төлөх учиртай. Хэрэв найдваргүй гэж нэрлэгдээд байгаа 1.6 их наядынхаа зээлийг иргэд аж ахуйн нэгжүүд төлж чадахгүй бол энэ 800 сая ам долларын өрийг төсвөөс төлөх нөхцөл байдал үүсэх юм. Үүнтэй холбоотойгоор өрийг “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу нар баасан гарагт зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкийг үндсэн чиг үүргээр ажиллуулахад улс төрчдийн нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэгт салбар салбарын төлөөллүүд гарц, шийдэл эрэлхийлэх явдал байлаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүд болон Монгол банкны удирдлагууд, зарим яамны дэд сайд, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөгчид оролцов.
ХӨРГҮҮРГҮЙ ЧИНГЭЛГЭЭР ТЭЭВЭРЛЭСЭН 420 ТН ТАХИАНЫ МАХЫГ ХИЛЭЭР ОРУУЛЖЭЭ
Импортын мах махан бүтээгдэхүүнийг -18 хэмээс багагүй температуртай, зориулалтын хөргүүр бүхий чингэлгээр тээвэрлэнэ гэж Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заасан. Гэвч энэ хуулийг ноцтой зөрчиж, зориулалтын бус таваарын чингэлэгт тээвэрлэсэн 420 тонн тахианы махыг шинийн нэгний өдөр хилээр оруулж иржээ. Энэ тахианы махыг БНХАУ-ын +4 хэмийн дулаан уур амьсгалтай Жининг хотоос 10 гаруй хоног тээвэрлэн авч ирсэн бөгөөд муудсан ч байж болзошгүй юм.
Стандартын бус хөргүүргүй чингэлгээр тээвэрлэн оруулж ирсэн тахианы махыг буцаах аль эсвэл шууд устгалд оруулах ёстой байтал Хилийн мэргэжлийн хяналтын газар дээрх арга хэмжээг аваагүй. Энэ явдалд Гаалийн хорио цээрийн газар, зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас шалгалт хийж байна. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарна.