Оросууд 2-р сарын сарын 16-ны өдөр Украин руу довтолж эхэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Тэрээр барууны орнууд, Европын холбоо, НАТО-гийн удирдагчидтай хэлэлцээ хийх үеэрээ энэ өдрийг онцолж нэрлэсэн гэдгийг "Politico"дурджээ.
Түүнчлэн АНУ-ын хэд хэдэн албаны хүмүүс ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлийг баталжээ. Вашингтон холбоотнууддаа Орос шууд дайралтынхаа өмнө "пуужингийн цохилт болон кибер довтолгоо" эхэлж өгөх болно гэж анхааруулсныг мэдээллийн хэрэгслүүд тодотгосон байна.
Гэсэн хэдий ч Европчууд Байдены энэ сэрэмжлүүлэгт тийм ч таатай хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тодруулбал, ЕХ-ны төлөөлөгчид тагнуулын мэдээллийг өөрөөр тайлбарлаж, халдлагын талаарх цуурхалыг "худалдан авахаас татгалзаж" байгаагаа тодорхой илэрхийлэв.
Харин хэлэлцээрийн дараа хэд хэдэн улс иргэддээ Украиныг аль болох хурдан орхихыг зөвлөжээ. Өмнөд Солонгос нэгдүгээр сарын 13-наас эхлэн эх орон нэгтнүүдээ хямралтай байгаа бүс нутагт зорчихыг хориглосон. Их Британи ЭСЯ-ны ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж буйгаа зарлаж, АНУ дипломатуудаа гаргах бодолтой байгаагаа мэдэгдэв.
Магадлалтай бас нэг өөр сар өдрийг нэрлэв
Байдены энэ мэдээлэлтэй зэрэгцэн Блүүмберг агентлагийн вэбсайтад Оросын халдлага 2-р сарын 15-ны өдөр эхэлнэ гэсэн нийтлэл гарчээ. "Асуудлыг мэддэг" гэх нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Орос Донбассыг өдөөн хатгаж, эсвэл Киевт халдлага үйлдэж магадгүй байна гэжээ. Гэвч энэ хэлсэн ярьснаа нотлох ямар ч баримт нотолгоог гаргаж тавьсангүй.
Тодотгоход Америкийн мэдээллийн агентлаг хоёрдугаар сарын 5-нд Оросыг Украин руу "түрэмгийлэл" эхлүүлсэн тухай мэдээлэл нийтэлж, эцэст нь үүнийгээ залруулж байв. "Bloomberg" худал мэдээлэл нийтэлсэндээ уучлалт гуйсан.
Мөн халдлагын талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан "Бээжингийн олимпийн үеэр Орос Украины эсрэг түрэмгий алхам хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.
Үүний зэрэгцээ ОХУ Украины эсрэг хүч хэрэглэх тухай эцсийн шийдвэрээ гаргасан гэх нотолгоо АНУ-д байхгүй гэж ерөнхийлөгчийн туслах онцолжээ.