
“Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадмыг зорьсон Монгол Улсын тамирчин Б.Ачбадрах өөрийн үндсэн төрөл болох гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд уралдаж 99 тамирчинтай хурдаа сорьсоноос Б.Ачбадрах 43 минут 29.9 секундын амжилтаар 65 дугаар байр эзэлжээ.
Түүний гарааны ээлж 90 дугаарт бичигдсэн бөгөөд 34 тамирчныг ардаа орхиж, тэргүүн байрт орсон тамирчнаас 6 минутаар хоцорсон байна.
Хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй Б.Ачбадрах хоёрдугаар сарын 8-нд болсон спринт төрөлд 90 тамирчнаас 77 дугаар байр эзэлсэн бөгөөд 2018 оны Пёнчаны олимпод 93 дугаар байр эзэлж байв.
Эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд Финландын тамирчин Ливо Нисканен 37 минут, 54.8 секундын амжилтаар тэргүүлж алтан медалийн болзол хангасан бол ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Александер Болшунов 38 минут 18.0 секундын амжилтаар хоёр, Норвегийн Йоханнес Хоесфлот Клаебо 38 минут 32.3 секундын амжилтаар гуравдугаар байрт орлоо.
Өдгөө 30 настай Ливо Нисканен 2018 оны Пёнчаны олимпын 50 км-ын төрөл, 2014 оны Сочигийн олимпын спринт төрөлд алтан медаль хүртэж байсан. Түүний эгч, Сочигийн олимпын хошой мөнгөн медальт Кертту Нисканен өчигдөр 10 км-ын зайд мөнгөн медаль хүртсэн юм байна.