Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 7-10-нд нийт 874 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 658 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 19 нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 2 хүний амь хохирсон байна.
Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 15 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн бол автомашин мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж, 2 иргэн гэмтжээ. Харин орон нутагт явган зорчигч мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд амиа алдлаа. Мөн автомашин онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, автомашин мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж 3 хүн бэртсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 258, орон нутагт 116, нийт 374 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.