Хөгжлийн банкны зээлтэй зэрэгцэн яригдах ёстой асуудал нь барьцаа хөрөнгө юм. Банк итгэлцлийн байгууллага ч гэлээ зээлийн хариуд барьцаа хөрөнгө банкны мэдэлд үлдэж буй. Ингэж харвал тэр найдваргүй гээд байгаа 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө мөнгө Хөгжлийн банкинд байх ёстой. Тэгэхээр ар талдаа барьцаа хөрөнгөөр баталгаажсан энэ зээлүүдийг огт салхинд хийсгэчихсэн гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хар ухаанаар бодоход 1.7 их наядын зээлд хамгийн багадаа 2.0 их наядаар хэмжигдэх хөрөнгө барьцаалагдсан байх учиртай. Энэ бол байж болох ерөнхий логик.
Гэвч барьцаа хөрөнгийн талаар базаахгүй гэмээр мэдээлэл байна. Энэ тухай Хөгжлийн банкны захирал Н.Мандуул анх ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэрбээр “Бид банкны хууль дүрмийн дагуу барьцаа хөрөнгөнд байнга үнэлгээ хийж, шинэчилж явдаг. Сүүлийн үнэлгээгээр манай нийт барьцаа хөрөнгийн 25 орчим хувь нь байхгүй болчихлоо гэх дүгнэлт гарсан. Цаасан дээрээ барьцаа мэт харагдавч бодит байдал дээр барьцаа биш болчихсон жишээнүүд их байна” гэжээ.
Энэ 25 хувь хаашаа алга болчхов гэж эргэлзэж байж мэднэ. Дурдагдаад байгаа 1.7 их наядын чанаргүй актив бол 2011 оноос хойш хуримтлагдсан. Тэгэхээр энэ цаг хугацаагаар тооцвол барьцаа хөрөнгийн түрүүч нь 11 жил болжээ гэсэн үг. Энэ хугацаанд хөрөнгө элэгдэнэ, үнэ цэнэ нь буурна, чанар байдал нь муудна гэхчлэн шалтгаанаараа анхны үнэлгээнээсээ багассан гэсэн үг.
Анх нийтэд ил тод зарлаж шүүхэд шилжүүлсэн зээлдэгчдийн 880 тэрбум орчим төгрөгийн зээл бий. Гэвч компаниудын бодит буюу гэрчилгээтэй барьцаа хөрөнгө ердөө 323 тэрбум төгрөг байгаа гэдгийг Н.Мандуул захирал ярилцлагадаа дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл 550 тэрбум шахам төгрөгийн зээл зүгээр л барьцаа хөрөнгөгүйгээр банкнаас гараад явчихсэн гэсэн үг.
Танил тал, албан тушаал, эрх дарх гээд юу байдаг, тэр бүхний дор хуулиа зөрчиж, журмаа дэвсэлж байсан гэсэн үг. Уг нь Хөгжлийн банкны зээлийн шийдвэр хамтын буюу ТУЗ-аараа хэлэлцэгдэж дэмжигддэг журамтай. Гэвч ийм л юм болж.
Эндээс хамгийн түрүүнд уншигдах кейс гэвэл Хөгжлийн банк барьцаа хөрөнгийн асуудал дээр туйлын хариуцлагагүй бөгөөд ашиг сонирхолын зөрчилтэй хандаж байсан гэх дүгнэлт.
Өчигдөр АТГ энэхүү зээлийн шалгаж буй явцын талаар мэдээлсэн. Энэ мэдээлэлд дурдсанаар АТГ-ын мөрдөн шалгах ажлын хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан гэлээ.
Мөн “Гантиг Вилла" хотхоны есөн блок барилга нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа бөгөөд хуулийн байгууллагаас битүүмжилсэн тул худалдан авахгүй байхыг иргэддээ анхааруулсан.
Барьцаанд тавьсан байранд оршин суугчид нь төвхнөжээ
Гэтэл үүнтэй зэрэгцэн дуулдаж буй бас нэг ноцтой мэдээлэл нь “Бэрэн групп” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо долдугаар хороолол буюу Хангай хотхоны хэд хэдэн орон сууцыг барьцаанд тавьсан байна. Тодруулбал, тус хотхоны 518 дугаар байрыг бүхэлд нь 2018 оны тавдугаар сарын 24-ний өдөр, 519-524 дүгээр байрыг 2017 оны аравдугаар сарын 19-ний өдөр зээлийн барьцаанд тавьжээ.
Гэтэл банкны барьцаанд тавьсан 518 дугаар байрны 72 айлын орон сууцыг иргэдэд хэдийн борлуулаад дуусжээ. Энэ байрны зарим айл өрхүүд одоог хүртэл байрны гэрчилгээгээ аваагүй байгаа нь Хөгжлийн банкны 4.4 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд байгаатай холбоотой аж.
Бусдад худалдагдсан барьцаа хөрөнгө
“Моннис”-ын гэх тодотголтой Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” ХХК нь “Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр” барина хэмээн Хөгжлийн банкнаас 42.6 тэрбум төгрөгийн зээл авч, барьцаанд нь “Меланж” гэх компанийн уурхайг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл чих дэлсэж байгаа.
“Меланж” компани нь Дорнод аймгийн Баянтүмэн сум дахь улсын хилийн зурваст ашиглалтын лиценз авсан. Гэтэл “Трафигура” компанийн Э.Жононбаяр толгой компанийх нь хувьцааг худалдан авч, одоо тус уурхайг ашиглаж эхэлсэн аж. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны барьцаа хөрөнгө бусдад худалдагдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд энэ асуудлаар Хөгжлийн банкнаас “уурхайн үйл ажиллагааг зогсоож, манай барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлэх ажиллагааг зогсоож өгнө үү” гэсэн гомдлыг АТГ-т гаргажээ.
Дээр дурдсан бүхэн барьцаа хөрөнгийн талаарх зарим нэг мэдээлэл. Хөгжлийн банкны зээлийн “хөнжил”-ийг дөнгөж сөхөж эхэлж байгаа болохоор цаашид ямар ямар факт баримтууд дэлгэгдэх нь тодорхойгүй. Тэр бүхнийг үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Б.Тулга

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал