Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихсэж байгаагаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй болоод байгаа. Тодруулбал, 640 хүүхдийн багтаамжтай 115-р сургуульд одоо 2700 гаруй хүүхэд суралцдаг. Нэг ангид 45-60 хүүхэд сурдаг. Анги танхимын хүрэлцээгүй байдлаас тус сургуулийн 6 бүлэг нь үндсэн сургууль дээрээ бус 130-р сургууль дээр хичээллэдэг байна. Тиймээс сургуулийн өргөтгөл барих шаардлагатай болсон. Төсөв мөнгийн шийдсэн хэдий ч барилгын зөвшөөрөл олгох үйл явц төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж удааширч байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тойрогтоо ажиллалаа.
Тэрээр ХУД-т улсын сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал бий болсон нь автозамын түгжрэлийн 30 хувьд нөлөөлж байгаа. Гэрийнх нь ойр орчимд сургууль байдаггүйгээс эцэг эхчүүд хүүхдээ хотын төв рүү зөөж улмаар түгжрэл нэмэгддэг гэдгийг онцолсон юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Энэ хороо 14 мянган оршин суугчтай. Шинээр 444 айлын орон сууц нэмэгдэж байна гэж хорооны засаг дарга хэлж байна. Энэ нь дахиад 400-500 хүүхдийн сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал яригдана гэсэн үг. Сургуулийн хажууд олон жил юу ч баригдаагүй балгас байсан газар бий. Энэ газрыг чөлөөлөөд шинээр сургууль бариад ядаж 2-3 мянган хүүхдийн сургуулийн асуудлыг шийдэх боломж харагдаж байна.
Өнөөдөр 115 дугаар сургуулийн өргөтгөлийн тендерт шалгараад гэрээ зурсан компани ирээд зовлонгоо ярьж байна. Бичиг цаасны ажил дээр гацчихаад байгаа юм байна. Удахгүй барилгын ажил эхэлнэ. Тиймээс үүн дээр би УИХ-ын гишүүний хувьд араас нь түрж өгөх шаардлага гарч байна. Төсөв нь 2020 оны төсөвт 2 тэрбумаар суугдчихсан. Гэтэл дунд шатны төрийн албан хаагчид ажлаа мэдэхгүй байгаа юм уу эсвэл хүнд суртал гаргаж байгаагаас өнөөдөр хүртэл асуудал нь шийдэгдээгүй байна. Иймэрхүү байдлаас шалтгаалаад авилга хээл хахуулийн асуудал ч яригддаг.
Яаралтай асуудлыг шийдэхгүй бол сургуулийн өргөтгөлийн ажил хугацаандаа эхэлж 9 дүгээр сард ашиглалтад оруулна гэдэг нь худлаа болох гээд байна. Ингэх юм бол дахиад 2023 онд ашиглалтад оруулах гээд хугацаа хойшлох болчхоод байна” гэлээ.
Г.Лхагва