Улаанбаатар хот уг чанартаа өмч хөрөнгө, байшин барилга гээд юм юмтай айл санж. Зах зээлийнхээ утгаар бол аливаа өмч хөрөнгө эзэндээ ашиг орлогоо өгч байх учиртай. “Нийслэлийн өмчийн ....дүгээр байр” гэсэн хаяг их хотын хаа нэгтээ тааралдаж байдаг. Эдгээр байрууд нь ихэвчлэн үндсэн хэрэгцээ ашиглалтаасаа давсан том зай талбай, өрөө тасалгаатай. Тэр бүхнээс түрээс саагаад сууж байдаг гэж тооцвол хот маань орлого арвин, төсөв бүрдүүлэх гэж түүртээд байдаггүй байх гэж гэнэхэнээр төсөөлмөөр.
Ямартай ч баримт мэдээллээс харвал 2020 онд нийслэлийн өмчид бүртгэлтэй 256 барилга байгууламжийн илүүдэлтэй 17.4 мянган кв.м талбайг давхардсан тоогоор 961 иргэн, ААНБ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлж, 6,521.0 сая төгрөгийн түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Чамлахаар чанга атга гэдэг шиг түрээснээс чамгүй орлого цуглардаг ажээ. Гэвч үүний нөгөө талд ноцтой гэмээр баримт бас байна.
Юу гэвэл, 2018-2020 онд нийслэлийн өмчийг түрээсийн гэрээгүйгээр 99 иргэн, ААНБ-д эзэмшүүлсэн байна. Энэ 99 иргэн, аж ахуй 12 объектын нийт 12.649 м2 талбайг үнэгүй эзэмшиж үйл ажиллагаа явуулж байжээ. Хэрэв эдгээр 99 иргэн Аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан түрээсийн төлбөрөө авч байсан бол бараг нэг тэрбум буюу 992.9 сая төгрөгийн орлогыг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх байлаа.
Үүнээс гадна төлбөрийн үлдэгдэлтэй, талбайн хэмжээ, төлбөрийг дутуу тогтоосон, түрээслэгчдээс орлогыг бүрэн тооцож аваагүйгээс 2,752.5 сая төгрөгийн орлого бүрдүүлэх боломжийг бас алджээ. Нийт дүнгээрээ бол 3.7 тэрбум гаруй төгрөг болж байна.
Үүнтэй ч холбоотой байж мэдэх өөр нэг баримт нь Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар/НӨАУГ/-аас 2018-2020 онд түрээсийн орлогын хэмжээг өмнөх онуудаас 540.0- 951.7 сая төгрөгөөр бууруулан төлөвлөсөн байгаа юм. Ерөнхий логикоороо бол нэг хэсэг түрээслэгчээ төлбөрөөс чөлөөлчихөөр орлого тэр хэмжээгээр буурах нь тодорхой зүйл. Гэхдээ аудитын зүгээс түрээсийн орлогыг өмнөх онуудын гүйцэтгэлээс бууруулж төлөвлөсөн нь түрээслэх талбайн хэмжээг нь багасгасан, өмчийн байруудын талаар судалгаа мэдээлэл дутуу, шат шатны хяналт хангалтгүй байгаатай холбож үзсэн байна билээ. Талбайн хэмжээг багасгана гэдэг тэр хэрээр орлогоос нь хумсалж байгаагаас өөрцгүй.
Түүнчлэн 2020 онд орлогыг 553.6 сая төгрөгөөр бууруулж төлөвлөсөн нь Соёлын төв өргөөний түрээслэгчдийг дамжуулан түрээсийн талбайд шилжүүлсэн, Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчдийн хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаатай холбоотой гэжээ. Уг нь өмчийн ашиглалтыг улам сайжруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж байх атал иймэрхүү шалтгаанаар бууруулж иржээ.
“Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу нийслэлийн өмчийн байрнуудын илүүдэлтэй талбайг түрээслэх иргэн, ААНБ-ын сонгон шалгаруулах ёстой. Үүнийг хангаж чадаж байсан уу гэдэг нь бас асуудал. Харин аудит: Түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа хууль тогтоомжид заасан шаардлагыг хэрэгжүүлээгүй, сонгон шалгаруулалтын зар мэдээг олон нийтэд дутуу хүргэсэн, оролцогчдыг ил тод, нээлттэй өрсөлдөх боломжоор хангаагүй гэж дүгнэжээ. Энэ бүхнээс нийслэлийн өмчийн үр ашгийн менежмент дундуурхан байгаа зураглал уншигдана. Товчхондоо НӨАУГ-ын ажил хэрэгч байдлын түвшин тун доогуур байгаа нь харагдана. Энэ дүгнэлтийг илүү тодотгохын тулд Аудитаар илэрсэн зарим зөрчлийг товчлон хүргэе
Соёлын өв өргөөнд түрээсийн гэрээгүй үйл ажиллагаа явуулагчид
Соёлын төв өргөө бол хотын өв хэсэгт хамгийн ашигтай байрлалтай, ажиллах орчин бүрдсэн газар. Энэ утгаараа түрээслэгчдийн хувьд диваажин лугаа. Гэвч түрээсийн гэрээ байгуулаагүй эсвэл төлдөггүй эрх дархтнууд энд голдуу төвхнөжээ. Тиймээс анхаарал татах халуун цэг энд байна гэсэн үг. Тодруулбал, Соёлын төв өргөөнд түрээсийн гэрээгүйгээр 715.7м2 талбайг эзэмшдэг Сөүлийн соёл мэдээллийн төв 34.9м2 /нийт 1.6 сая/, Бага дарга нарын холбоо 36м2, /нийт 1.7 сая/, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 144,8м2 /нийт 3.0 сая/, НТАГ 2018 онд 500м2 талбайд түрээсийн гэрээгүй /42.0 сая/; Соёлын төв өргөө 8900 м2 гэхчлэн дурдаж болно, Нийт дүнгээрээ 2018-2020 он хүртэлх гурван жилийн хугацаанд 35 иргэн, ААН түрээсийн гэрээ огт байгуулаагүй, түрээс төлөөгүй. Тэдний түрээст төлбөл зохих дүн 670 сая төгрөг болж байгаа юм. Тус өргөөнд нийслэлийн өмчит газруудаас гадна “Скайтел”, "Кашмер холдинг" хувийн хэвшлийн ААН ч байгаа юм.
Түүнчлэн Үндэсний цэцэрлэг хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшилд 312 м2 талбай 2018 онд 24 иргэн ААНБ түрээсийн гэрээгүй 16.8 сая төгрөгийн хохирол учруулжээ. Бас нэг анхаарал татсан газар нь МУБИС-ийн урдах нүхэн гарц юм байна.
Түрээсийн байрны талбайн бодит хэмжээг дутуу тогтоосон зөрчил:
Нийслэлийн өмчийн ЕБС-ийн 14 барилга байгууламжийн нийт 2,787.9 м2 талбайг түрээсийн гэрээгээр эзэмшүүлэхдээ талбайн бодит хэмжээг бууруулсан нь хөрөнгийн үр ашгийг бууруулж, 124.9 сая төгрөгийн орлого бүрдүүлэх боломж алдсан байна.
Түрээсийн байрны талбайн хэмжээг бууруулсан зөрчил:
Соёлын төв өргөө нь нийт талбайн хэмжээ 17,175.9м2 , үүнээс түрээслэх боломжит ашигтай 10,248.5м2 талбай байна. Соёлын төв өргөөний түрээсээр орох орлогыг 2018, 2019 онуудад 8900м2 талбайд 360.0 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь нийт ашигтай м2 талбайн хэмжээнээс 1,348.5м2 -аар бууруулжээ. Хэрэв уг талбайг түрээслүүлсэн бол 54.5 сая төгрөгийн орлого олох боломжтой байв.
Түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болон төлөөгүй зөрчил:
Түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргийг хүлээдэг. Гэтэл дээрх онуудад зарим түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, НӨАУГ болон нийслэлийн өмчит байгууллагууд нь түрээслэгчдээс түрээсийн орлогыг бүрэн тооцож аваагүйгээс төсөвт 575.8 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэх боломж алдсан.
НИТХ-аас баталсан түрээсийн төлбөрийн жишиг доод үнийг бүрэн мөрдөөгүй:
НИТХТ-ийн 2018 оны 40-р тогтоолоор “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн нэг метр квадрат талбайн түрээсийн доод жишиг доод үнэ”-ийг шинэчлэн тогтоожээ. Гэтэл НӨАУГ-аас энэ жишиг үнийн дагуу түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Нийслэлийн өмчийн байрнуудын нэг метр квадрат талбайн түрээсийн жишиг үнээс 2000-9500 төгрөгөөр доогуур тогтоосноос 2018-2020 онд 1,827.4 сая төгрөгийн орлого олох боломж алдсан.
Түрээсийн гэрээ байгуулсан ч гэрээний дагуу талбайн түрээсийн төлбөр төлдөггүй:
Түрээсийн гэрээ байгуулсан ч, талбайн түрээсийн орлого төвлөрүүлдэггүй ашиглалтын зардал төлдөг нийт 7 иргэн, ААНБ байна. Эдгээр иргэн, ААНБ-ын түрээсийн зардлыг НИТХ-ын 40 дүгээр тогтоолын дагуу тооцож үзэхэд 1 жилд 111.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх боломж байжээ.
АУДИТЫН ДҮГНЭЛТ
Аудитын явцад олж цуглуулсан нотлох зүйл болон дүнд үндэслэн дараах дүгнэлтүүдийг хийжээ. байна. Үүнд:
1. Төсөвт төвлөрүүлэх түрээсийн орлогыг төлөвлөхдөө холбогдох үзүүлэлтийг харгалзаагүй, түрээслэгч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн, түрээсийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа мэдээлэл дутмаг, программ хангамж нь бодит хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна.
2. Нийслэлийн өмчийг түрээсийн гэрээгүйгээр 99 иргэн, ААНБ-д эзэмшүүлсэн, түрээсийн төлбөрийн 992.9 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжийг алдсан байна.
3. Түрээсийн талбайн болон төлбөрийн хэмжээг багасгасан, дутуу тогтоосон, дур мэдэн нэмэгдүүлсэн, төлбөр төлөлт хангалтгүй, орлогыг бүрэн тооцож аваагүй, түрээсийн доод жишиг үнийг мөрдөөгүй зэргээс шалтгаалж 2,752.5 сая төгрөгийн орлого бүрдүүлэх боломж алдсан, түрээсийн үйл ажиллагаанд тавих шат шатны хяналт муу байна.
4. Нийслэлийн төсвийн орлого нэмэгдүүлэх, хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулан үр ашгийг дээшлүүлэх ажлын үр дүн хангалтгүй байна.
5. Холбогдох байгууллагуудаас нийслэлийн өмчийн байруудын түрээсийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хэрэгжүүлээгүй, НӨАУГ-аас түрээсийн гэрээний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийсэн ч үр дүн, үр нөлөө муутай байна.
6. Аудитаар түрээсийн талбайн хэмжээг бууруулсан, дутуу тогтоосон, үндэслэлгүй нэмэгдүүлсэн, жишиг үнийг баримтлаагүй зэрэг 3,169.6 сая төгрөгийн дүн бүхий зөрчилд албан шаардлага, түрээсийн төлбөрийг дутуу төвлөрүүлсэн үлдэгдэлтэй 316.1 сая төгрөгийн дүн бүхий зөрчилд төлбөрийн акт тогтоохоор шийдвэрлэсэн.
Г.Учрал