Шилэн дансны тухай хуулиар төрийн өмчит компаниуд цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээгээ ил тод мэдээлэх үүрэг хүлээсэн. Харамсалтай нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уг хуулийг биелүүлэхийг хүсэхгүй байна. Шилэн дансанд мэдээлэл байршуулахдаа харилцагч байгууллагын нэр, орлого, зарлагын мөнгөн дүн, гүйлгээний утга зэргийг тодорхой бичсэн байх ёстой. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны мэдээлэлд гүйлгээний утга, мөнгө шилжүүлсэн байгууллагын нэр тодорхойгүй байгаа юм.
Шилэн дансны тухай хуулиар төрийн өмчит компанийн худалдан авалтад хяналт тавих эрхийг олон нийтэд олгосон. Гэвч иргэдэд олгосон уг эрхийг Х.Бадамсүрэн уландаа гишгэж байна. Үүнээс гадна Х.Бадамсүрэн Төрийн албаны тухай хуулийг мөн зөрчиж Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байгаа нэгэн. Өдгөө 67 настай тэрбээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тэтгэвэртээ гарсан байх ёстой юм.