Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо танилцуулж байна.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим мэдээлэл сонсож, Ерөнхий сайд чиглэл өгсөн. Хөгжлийн банк улс орны хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан банк. Өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 3.1 их наяадын зээлийн багцтай бөгөөд үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд багтаж буй. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.
Хөгжлийн банкны төлөөлөл өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга өгөхдөө шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаж, асуудлыг шийдвэрлэхдээ маш их хугацаа алдаж байгаа талаар хэлсэн. Тухайлбал хамгийн ихдээ 69 сар шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байгаа аж.
Мөн чанаргүй зээлтэй холбоотойгоор шат дараатай авсан арга хэмжээнүүд үр дүнд хүрч байна. Нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн гэх мэдээллийг өгсөн. Мөн асуудалтай байгаа зээлийн хувьд 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа бөгөөд үүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ Хөгжлийн банкнаас илэрхийлсэн байна." гэлээ.