Үндэсний гэсэн тодотголтой баяр наадмын сиймхийгээр УИХ хуулийг бөөндөж батлан хэсэг бүлэг хүмүүс, цөөн хэдэн дарга нарт үйлчилж ирснийг Монголчууд мэднэ. Хуулийн хулгай гэгддэг энэ үйлдэл голцуу наадам, цагаан сар, шинэ жилийн үеэр болдог. Тэгвэл үүнтэй агаар нэгэн явдал усан бар жилийн босгон дээр боллоо. Бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монголчуудыг хордуулж мэдэх, стандартын шаардлага хангахгүй байж болзошгүй 420 тонн тахианы мах хилээр нэвтэрчээ.
Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд тусгай зориулалтын хөргүүртэй, температурыг зохицуулах боломжтой, битүүмжилсэн тээврийн хэрэгслээр, -18 хэмээс багагүй температурт мах, махан бүтээгдэхүүнийг импортолно гэж заасан байдаг. Гэтэл зориулалтын хөргүүргүй, таваарын бараа тээвэрлэдэг чингэлгээр 420 тонн тахианы махыг БНХАУ-ын +4 хэмийн дулаан уур амьсгалтай Жининг хотоос 10 гаруй хоног тээвэрлэн Монгол Улс руу нэвтрүүлсэн байгаа юм. Стандартын бус хөргүүргүй чингэлгээр тээвэрлэн оруулж ирсэн тахианы махыг буцаах аль эсвэл шууд устгалд оруулах ёстой байтал НВЦ групп, Хос-Очир трейд, Агро ХХК, Батширээт ХХК, Далай цэнгэл ХХК, Хасхүү ХХК, Asian organic ХХК зэрэг нэр бүхий 7 компанийн импортоор оруулж ирсэн 10 чингэлэг тахианы мах аль хэдийнээ Улаанбаатар хотод буусныг эх сурвалжууд мэдээлж буй юм.
Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн Хилийн мэргэжлийн хяналтын газар ажилдаа хариуцлагагүй хандаж, хяналт шалгалтыг хуулийн хүрээнд хийлгүй нэвтрүүлсэн байгаа юм. Энэ асуудлын ард албан тушаалаа урвуулан ашигладаг, авлига авдаг эрх бүхий албан тушаалтнууд ч байх магадлалтай.
Манай Тойм.мн сайтын сурвалжлах баг ХМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.Батмөнхөөс уг асуудлыг тодруулахад тэрбээр үгүйсгэж чадаагүй билээ. Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж мэдэх хүнсний бүтээгдэхүүнийг хэний даалгавраар хилээр саадгүй нэвтрүүлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг зөрчив гэдгийг манай сурвалжлах баг тодруулахаар ажиллаж байна.
Хөргүүр нь эвдэрч ажиллагаагүй болсны улмаас муудсан 25 тонн тахианы махыг таван сарын өмнө буюу 2021 оны 09 сард Замын-Үүдэд устгалд оруулж байсан. Гэтэл огт хөргүүргүй, мах махан бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтгүй чингэлгээр 420 тонн тахианы махыг тээвэрлэн авч ирж хилээр нэвтрүүлэн хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байсан нь маш том гэмт үйлдэл. Ашиг орлого олохын төлөө иргэдийн амь нас, эрүүл мэндийг үл тоосон уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээлгэх ёстой. Баталгаагүй хүнс хилээр нэвтрүүлж, хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ гэдэг бол ард иргэддээ хор өгч буйгаас ялгаагүй үйлдэл. Үргэлжлэл бий...