
Эрх баригчдад “Хөгжлийн банк” гэсэн шүдний өвчин бий болов. Гэхдээ энэ нь гай болох уу, гавьяа байх уу гэдэг нь цаг хугацаагаар харагдана. Тэр цаг хугацааг 2024 оны сонгуулийн өмнө хэмээн баримжаалахад буруудахгүй.
Хотонд орсон чоно гэдэг шиг Хөгжлийн банкны хөрөнгийг хүний, өөрийнгүй хулгайлж байгаа гэсэн шүглийг МАН-ынхан өөрсдөө эхэлж үлээлээ. Энд тооцоо, хожим ирэх хожил, бас шударга ёс, эдийн засаг гэхчлэн олон агуулга багтаж байгаа нь тодорхой. Өөр нэг уншигдах өнцөг гэвэл Хөгжлийн банкны хөлд ширвэгдэх нөхдөөр бурантаг хөтлүүлж намаа цэвэрлэх зорилго байхыг үгүйсгэхгүй.
Хөгжлийн банкны найдваргүй 26 зээлдэгчийг зарлаж шүүхэд шилжүүлсний дараа МАН-ын ЕНБ-ийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргаж, “Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улс төрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно” гэдгээ мэдэгдээд буй.
Шударга ёсны хүсэмжлэлээр өлдөж буй ард түмэнд энэ мэдэгдэл мэдээж таалагдана. Бас эргэн тооцох хариуцлага болж үлдэнэ. Хэлсэн бол хийдэг байхыг шаардана.
Хөгжлийн банкны анхны автор нь МАН. Яагаад гэвэл 2011 онд Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед байгуулагдаж байв. Гэвч улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан банк нь бүлэглэлийг санхүүжүүлдэг, улсаа өөд татах бус өрөнд оруулж мэдэх нөхцөл байдал үүсчихээд байна.
Хэрэв чанаргүй гэгдээд байгаа зээлээ эргүүлэн авч чадахгүй бол 2023 онд эргэн төлөлт хийх 800 сая долларыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар тус банкны зээлийн нийт актив 3.2 их наяд төгрөг байдгаас 1.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг чанаргүй гэсэн дүгнэлтийг Мнгол банкнаас хийгээд байгаа юм. Үүнээс гадна 200 тэрбум төгрөгийн эргэлзээтэй гэх ангилалд багтсан зээл бас байна. Өөрөөр хэлбэл Нийт 74 зээл олгосноос 53 хувь нь чанаргүй зээл болжээ.
Үүний буруутанг тодруулахад МАН-ын мэдэгдэлд дурдсанчлан хүнийх өөрийнх, манайх танайх гэх зааг тун бага. Гэхдээ тодорхой байгаа нэг зураглал бол хамгийн мөнгөтэй үе нь, Н.Алтанхуягийн Засгийн газарт хамаарна. “Чингис” бондын 1.5 тэрбум, “Самурай” бондын 30 тэрбум иенийг ердөө хоёр жилийн хугацаанд салхинд хийсгэсэн гэх факт одоо яригдаж байна. Энэ “Самурай” гэх бондыг Монголын талд бараг үр өгөөжгүй байсан гэлцдэг.
Гэхдээ энэ баримт МАН-ыг энхийн цагаан тагтаа болгож харагдуулахгүй. Тодруулбал, Хөгжлийн банкнаас нэрлэсэн 26 чанаргүй зээлдэгчийн долоо нь АН-ын үед, үлдсэн 19 нь МАН-ын засаглалын үед олгогдсон байна. Ингэхдээ Хөгжлийн банкны захирлаар Б.Батбаяр ажиллаж байх үед дээрх 19 зээл гарчээ. Энэ Б.Батбаяр гэх захирлыг М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар томилж байсан, тэдний гарынх нь хүн гэдгийг хэвлэл мэдээллийнхэн онцолж байгааг анзаарсан байх. Одоо тэрбээр АТГ-т шалгагдаж буй.
Түүний балаг Батбаярынх гэхээсээ илүүтэй МАН-ынх гэж харагдана. МАН-ыг эрх барьж байх үед Хөгжлийн банкийг “хөлд оруулсан” бас нэг шийдвэр гарсан байгаа юм. Тодруулбал, Хөгжлийн банк 2017 оны хоёрдугаар сард Засгийн газрын тогтоолд үндэслэхгүйгээр бие даан шийдвэр гаргаж, зээл олгох боломжтой болжээ. Цаг хугацааны хувьд энэ таагүй шийдвэр Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед хамаарна. Зарим эх сурвалжийн тодотгож байгаагаар яг энэ үеэс хойш олгогдсон зээлүүд эдүгээ Хөгжлийн банкинд хүндрэл үүсгээд байгаа ажээ.
МАН-ын чихийг халууцуулж, нүүрийг улалзуулах бас нэг кейс нь найдваргүй зээлдэгчээр зарлагдаад байгаа аж ахуйн нэгжийн ар талын хамаарал бүхий хүмүүсээр МАН-ын гал халуун гишүүд нэрлэгдээд байгаа явдал.
Бишрэлтийн Б.Ундралмаа, МАК-ын Н.Номтойбаяр, яаран сандран мэдээлэл хийсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, дэд сайд асан Ш.Лхамсүрэн, Элчин сайд асан заналхийлэгч Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав гэхчлэн нэрс түрүүчээсээ чих дэлсэж байна. Үйл явдлын өрнөлийн явцад МАН энэ мэт олон гишүүдийнхээ нэрээр Хөгжлийн банкны "аялгуунд" хөг нэмэх нь тодорхой.
МАН энхрий хайрт энэ гишүүддээ хариуцлага тооцож чадах, Хөгжлийн банкийг хохиролгүй болгох, улс төрийн амьдралд шударга ёсыг урин авчирч чадах эсэхээс тус намын олон нийтийн дундах нэр төр, үнэлэмж үлэмж шалтгаалах болчхоод байна. Хатуу хариуцлага тооцох цан хэнгэргээ өөрсдөө эхэлж дэлдсэн. Хэрэв чадвал 2024 оны сонгуулиар иргэдтэйгээ нүүр бардам уулзана. Эс чадвал Хөгжлийн банкныхаа хөлд чирэгдэнэ.
Б.Тулга

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал