Канадын нийслэл Оттава хотод Ковид19-ийн халдвараас сэргийлэхтэй холбоотой төрөл бүрийн хязгаарлалтуудыг эсэргүүцэн иргэд жагсаал хийж байна. Тэгвэл эсэргүүцлийн жагсаалтай холбоотой нөхцөл байдал хяналтаас гарсан тул хотод онц байдал тогтоохоор болсон гэж албаны хүмүүс мэдээллээ. Онц байдал тогтоосноор цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх аж. Мөн эсэргүүцлийн жагсаалын оролцогчдод тусламж үзүүлдэг, тэр дундаа шатахуун, хүнсээр хангаж байгаа хүмүүсийг баривчлан саатуулж болзошгүй хэмээн анхааруулж байна.
Хотын дарга Жим Уотсоны өгүүлснээр хотын нөхцөл байдал "Хяналтаас бүрэн гарсан" аж. Ихэнх нь тээвэрчдээс бүрдэх эсэргүүцлийн арга хэмжээний оролцогчид машинаараа хотын төвийг бүрэн хаажээ. Түүнчлэн майхант хуаран байгуулсан эсэргүүцэгчдийн тоо цагдаагаас их байгаа тул хяналт тавьж чадахгүйд хүрчээ. Хэдийгээр хүч хэрэглэсэн ноцтой үйл явдал гараагүй ч эсэргүүцэгчид нийгмийн дэг журмыг зөрчиж байгаа гэж хотын дарга мэдэгджээ.