2020 оноос 2021 оны дунд үе хүртэл БНАСАУ кибер халдлагаар олон арван сая долларын үнэ бүхий криптовалют хулгайлж, тухайн хөрөнгөө пуужингийн хөтөлбөртөө зарцуулсан гэж НҮБ-аас гаргасан тайланд дурджээ. Ийм төрлийн кибер халдлага нь Пёньяаны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн орлогын чухал эх үүсвэр болдог гэж судлаачид үзэж байна.
БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний асуудлаарх шалгалтын дүнг НҮБ-ын комисст өнгөрсөн баасан гарагт хүргүүлжээ. НҮБ-ын тайланд кибер аюулгүй байдлын Chainalysis фирмийн нэгдүгээр сард хийсэн судалгааны үр дүнг тусгасан байна.
Умард Солонгосын хакерууд (ард нь төр байгаа нь эргэлзээгүй) өнгөрсөн онд л гэхэд 400 сая долларын дижитал хөрөнгө хулгайлжээ.
Энэхүү судалгааг явуулсан мэргэжилтнүүдийн дүгнэснээр Умард Солонгосын хакерууд (ард нь төр байгаа нь эргэлзээгүй) өнгөрсөн онд л гэхэд 400 сая долларын дижитал хөрөнгө хулгайлжээ. Хакерууд Умард Америк, Европ, Ази дахь криптовалютын гурван биржийг хакердсан байна.
Хэдийгээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгост цөмийн туршилт хийж, баллистик пуужин хөөргөхийг хориглосон ч Пёньяан цөмийн хөтөлбөрөө хөгжүүлсээр байна гэж НҮБ-ын тайланд дурджээ. Мөн кибер халдлага, шинжлэх ухааны хамтарсан судалгаа хийх зэргээр энэхүү хөтөлбөрт хэрэг болох материал, технологийг хилийн чанадаас хайсаар байгаа талаар бичсэн байна.
2019 онд НҮБ-ын тайланд кибер халдлагын үр дүнд Умард Солонгос үй олноор хөнөөх зэвсэг бүтээх хөтөлбөртөө хоёр тэрбум доллар хэмнэж чадна гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн хориг арга хэмжээг ажиглаж буй НҮБ-ын албаны хүмүүс Пёньяан сүүлийн үед пуужингийн туршилтаа эрчимжүүлсэн гэж мэдэгдэв. Тухайлбал, тус улс зөвхөн нэгдүгээр сард л гэхэд есөн удаа пуужингийн туршилт хийсэн байна.