“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн цагаан сарын өдрүүд өргөн дэлгэр боллоо. Бараг л долоо хоног үргэлжлэв. Айл гэрийн золголт дундарч, албан байгууллага хэмт олных өнөөдрөөс эхэлж байх шиг байна. Цар тахалтай гээд цагаан сарын хөл төдийлөн дундарсангүй. Хотын төвдөө сэлүүхэн ч зах руугаа түгжрэл гацаатай байв. Гэр хороллынхон гэдэг чинь уул шугамандаа ахмадууд, хөгшдийн хороолол болчихсон юм байна гэж бодогдож байлаа. Гэхдээ Улаанбаатарынхны шинэлгээ цомхон, дор бүрнээ дошин дээрээ гэдэг шиг харьцангуй эмх цэгцтэй байлаа гэцгээж байна.
Харин хөдөө орон нутгийнхан хэзээнээс хөлтэй шинэлдэг, тэр л янзаараа, цар тахал гэдгийг хэдийнэ ой тойоноосоо авчихсан юм шиг байна гээд нутагтаа очиж золголт хийсэн нэгэн ярьж байна. Шинийн нэгний өдөр Улаанбаатараас 31,093 хүн орон нутгийг зорьсон бол 17.300 гаруй хүн нийслэлд ирсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн.
Сүүлийн хоёр жилийн шинэ сараар хөл хөдөлгөөний хязгаарлалттай байсан болхоор энэ жилийн цагаан сараар золголт нэлээд задгайрсан байх. Үүнийг буруутгах эсвэл зөвтгөх аргагүй. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм гэдэг юм хавтгайдаа алдагдсан. Энэ л асуудал.
Цар тахлыг мартагнуулсан долоо хоног өнгөрч байна. Энэ өдрүүдэд халдварын тохиолдол ч бас буурч мянгаас доош бүртгэгдэж 5-6 зуу хавьцаа хэлбэлзэж байна. Харин энэ нь нөхцөл байдал сайн болж байгаа гэсэн үг биш юм.
Биднийг шинэлж байх зуур дэлхий нийтэд корона гайхал хуучин янзаар л үргэлжилж байна. Манай хойт хөршид гэхэд нэг хоногт нас барсан иргэдийн тоо 714 хүрч, нэгдүгээр сарын 15-аас хойшхи хамгийн олон тохиолдол болж байх жишээний. Түүнчлэн халдварын тохиолдол 177,8 мянгад хүрч нэмэгджээ.
Өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр дэлхий нийтэд шинээр 1.326.410 хүн халдвар авсан мэдээлэл байна. Түүнчлэн нас баралт 5100 гаруй бүртгэгджээ.
Энэ бүх тоо баримтаас харвал коронавирус одоо хүртэл номхроогүй хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд эрчимтэй тархаж байгаа Омикроны ВА.2 хувилбар халдварлах чадвараар өмнөхөөсөө 1.5 дахин илүү гэдгийг ДЭМБ-ээс анхааруулж байна.
Цагаан сарын өдрүүдэд халдварын тоо харьцангуй буурсан нь сайндаа ч бус харин иргэдийн шинжилгээ өгөх идэвх бага байсантай холбоотой. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс халдвар нэмэгдэнэ гэдгийг анхааруулж байгаа.
Ерөнхий дүр зургаараа яг шинэ жилийн дараах шиг нөхцөл байдал давтагдах магадлал илүү. Тодруулбал, өнгөрөгч 12 дугаар сард хоногтоо бүр 300 руу орж ирсэн халдварын тохиолдол оны дараа хоёр мянгаас давж бүртгэгдэж эхэлсэнтэй адил. Үүнд УОК-ын дүлэгнэсэн шийдэл буруутай байв. Шинэ жилийн баярын хязгаарлалтыг зөвхөн байгууллагаар хязгаарласан нь ингэж халдварын дэгдэлтийг өдөөчихсөн.
УОК энэ удаагийн цагаан сарыг ч бас гэр гэртээ тэмдэглэхийг уриалаад л өнгөрсөн. Уг чанартаа УОК уриалдаг бус тушаадаг байгууллага баймаар санагдаад байгаа юм.
Б.Тулга