Д.Сайзанмаа: Ардын дуунуудыг дуулах тусам шимтмээр, судалмаар, суралцмаар байдаг

2022-2-5
2498

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин доржсүрэнгийн Сайзанмаатай ярилцлаа.

-Анх СУИС-ийн босгоор алхаж байсан үеэс ярилцлагаа эхэлье?

-2016 онд СУИС-д шалгалт өгөхөөр очиход ардын дуучны анги нээгдэж байсан юм. Тэр ангид тэнцэж МУГЖ, дэд профессор Л.Чулуунчимэг багшийн удирдлаган дор таван жил суралцаж төгссөн анхны 14 оюутны нэг нь би юм л даа. Сайн багшийн шавь болсон минь их хувь заяа гэж боддог. Багшийнхаа хэлсэн үг, үйлдэл бүрийг дагаж, чиг болгоод явж байна.

-Оюутан насны хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач...

-Хамгийн түрүүнд хоолойн дасгал гамм уншаад толгой их эргэдэг байсан л санаанд орж байна (инээв). Байсхийгээд л ухаан алдах гэж байгаа юм шиг болж, толгой эргэнэ. Амьсгаагаа буруу авдаг байсан байх л даа. Дуучин хүнд амьсгаагаа зөв авч сурах нь хамгийн чухал. Багш маань чихэр өгөөд “Өө алив суу, суу” гээд л суулгачихдаг байж билээ.

-Яагаад урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ?

-Мэргэжлээ сонгоход ээж маань их нөлөөлсөн. Бараг л ээж сонгосон доо (инээв). Манай эгч дүүс бүгд өөр салбарт ажилладаг. Тэдэн дундаас хамгийн азтай нь ч гэмээр юм уу, би урлагийн замыг сонгосон. Тэр тусмаа ардын дуучин гэх мэргэжлийг сонгосондоо их баярлаж явдаг. Ардын дуунуудыг дуулах тусам шимтмээр, судалмаар, суралцмаар шүү.

-Таны удамд урлагийн хүн байдаг уу, аав, ээж нь аль нутгийн хүмүүс вэ?

-Би Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Аав, ээж маань нутагтаа ажиллаж амьдардаг. Хоёулаа сайхан дуулж, хуурддаг хүмүүс байдаг. Аав минь сумынхаа соёлын төвд насаараа ажилласан, сайхан цангинасан хоолойтой хүн бий.

-Та ангийнхаа анхны МУСТА гэсэн үү, хамт олныхоо тухай яриач?

-Өнгөрсөн есдүгээр сард энэ хүндтэй шагналыг хүртсэн. Залуу уран бүтээлчийн хувьд цаашид илүү ихийг амжуулж, хөдөлмөрлөөрэй гэж урамшуулж байгаа хэрэг болов уу. Үндэсний урлагийн их театрын гайхалтай хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, туршлага хуримтлуулж байгаа минь их азтай хэрэг. Энэ их айлаас хүндтэй шагнал хүртсэндээ туйлын их баяртай байна.

-Анхны хамгийн том тоглолтынхоо тухай...

-2014 онд оюутан байхдаа Үндэсний Урлагийн их театрт Үлэмжийн чанар дуулалт жүжигт олны хэсэгт оролцож байсан. Тухайн үед багш маань чуулгад ажилладаг байсан учраас биднийг оруулсан юм. Тэр үеэс л энэ театрын уран бүтээл, уран бүтээлчдийн авьяас чадварыг биширсэн. Мэргэжлийн байгууллага гэж ийм байдаг юм байна, уран бүтээл дээр ингэж ажилладаг юм байна, уран бүтээлч ийм байх ёстой юм байна гэдгийг тэр үеэс мэдэрч эхэлсэн.

-Таны анхны уран бүтээл хэрхэн бүтэж байв, сандарч байсан уу?

-“Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан” гэж дөрвөн жилд нэг удаа болдог нэр хүндтэй уралдаан бий. Энэ уралдаанд 2014 онд хоёрдугаар курсын оюутан байхдаа “Алсын газрын зэрэглээ” дууг өөр хувилбараар дуулж “Мартагдсан дууг сэргээн дуулсан” дуучнаар шалгарч байсан. Энэ дуугаа хамгийн анх хоолой бичүүлж дүрсжүүлж байлаа.

-Уран бүтээлүүдээсээ нэрлэхгүй юү?

-2019 онд ардын дуунуудаас бүрдсэн “Алсын газрын зэрэглээ” нэртэй киноконцерт хийсэн. Уг бүтээл ихэвчлэн мартагдсан дуунуудаас бүтсэн. “Алсын газрын зэрэглээ”, “Шандань голын дэгдээхэй”, “Эрээн жүүртэй эрвээхэй”, “Цэнхэрлэн харагдаад байна”, “Сүнжидмаа” зэрэг дуунуудаас бүтсэн. Үүнээс гадна дан шанзтай, ятгатай, хуучир хөгжимтэй зэрэг ганц ганц хөгжимтэй дуулсан ардын дуунууд урын санд байна аа. Мөн ангийн хэсэг нөхөд болон багштайгаа хамтарч хөл хорионы үеэр ардын хөгжмийн хамсраатай дан ардын намбат дуунаас бүрдсэн “Хүрээ аялгуу” цомогтой номоо гаргалаа.

-Уран бүтээл дээр ажиллахдаа юунд хамгийн их анхаардаг вэ?

-Ардын арга барилыг нь алдагдуулалгүй дуулахыг хичээдэг. Үг, аян дээр ажиллахаас гадна дууны утга санааг илүү илэрхийлэхийг эрмэлздэг. Уйтгар гунигтай дууг инээмсэглээд дуулаад байж болохгүй шүү дээ.

-Хамгийн хайртай уран бүтээлийнхээ талаар...

-Өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулсан бүх уран бүтээлдээ хайртай. Уран бүтээл бүрт маш их хөдөлмөр, туршлага, дурсамж шингэдэг.

-Ажлын гараагаа Үндэсний Урлагийн их театртаас эхэлсэн үү?

-Тийм ээ, 2016 онд их сургуулиа төгсөөд л Үндэсний Урлагийн их театртаа ажиллаж эхэлсэн. Тэр үед театрт нээлттэй шалгалт болж байгааг сонсоод шалгалт өгч тэнцсэн. Манайх чинь бас байнга нээлттэй шалгаад байдаггүй л дээ. Тухайн үед би ч сургуулиа төгсөх, нээлттэй шалгалт явагдах хоёр яг таарсан.

-Та Соёл урлагийн их сургуулийн магистр шүү дээ. Ямар сэдвээр дипломоо хамгаалсан бэ?

-2020 онд СУИС-д “Уул усны нэртэй ардын зарим дуунд хийсэн судалгаа” нэртэйгээр магистрын зэргээ амжилттай хамгаалсан. Одоогоор түвшингээ ахиулж докторт суралцаж байгаа. Сурах судлах, мэдэх зүйл их байна. Дуулахаас гадна дуугаа судлах их сонирхолтой санагддаг.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ. Саяхан ээж болсон гэж сонссон, баяр хүргэе. Ээж болоод уран бүтээлээсээ түр хөндийрсөн үү?

-Баярлалаа. Ээж болно гэдэг шинэ мэдрэмж бас том даваа байлаа. Амаржаад удаагүй байгаа. Гэхдээ нэг их удалгүй ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна. Сүүлд ажлын бүсгүйчүүдтэйгээ нийлж уран бүтээл дээр ажилласан. Ажил хувийн шалтгаанаар түр зогсоод байна.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач, урлагийн хүн үү?

-Миний ханийг Ганболдын Тэмүүлэн гэдэг. Урлагийн салбарын хүн биш ч урлагт маш их хайртай, урлагийн өндөр мэдрэмжтэй залуу байдаг. Ажлыг маань маш сайн ойлгож, арын албыг найдвартай даадаг. Мөн уран бүтээл дээр санал, сонсогчийн байр сууринаас зөвлөмж, санаануудыг их өгдөг.

-Нөхөртэйгөө хэрхэн танилцаж байв?

-Орчин үеийн танилцах хэлбэр юм уу даа. Фэйсбүүкээр найз байсан. Нэг өдөр мессэнжерээр танилцах чат ирээд л анх танилцаж байлаа (инээв).

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Хүүхэд насандаа цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

-Хөдөө гэртээ аав, ээжтэйгээ өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг. Миний хувьд их чухал баяруудын нэг. Ээж шинийн нэгний өглөө үүрээр сэрээгээд л “Энэ жилийн өнгө шүү, эртхэн босоорой” гээд л эхэлнэ дээ. Бүх зүйл шинэ, бүгдээр бялхаж цалгисан гоё мэдрэмж авдаг баяруудын нэг. Хувцас өмсгөлөөс эхлээд идээ шүүс бэлтгэх, мөр гаргах, наадгай зэрэг бидний заавал мэдэж байх шаардлагатай уламжлалуудыг шингээсэн чухал баяр учир их ач холбогдол өгдөг.

-Энэ жил яаж тэмдэглэх гэж байна?

-Энэ жил хөдөө явж чадахгүй, хотод ёслоод л өнгөрөх байх даа. Цаг үеийн нөхцөл байдал ч ингэж таарч байна. Ер нь театрт орсноос хойш хөдөө явж тэмдэглэх нь багассан. Битүүний өдөр бөхийн барилдаан дээр ажлаа хийгээд явж байх жишээтэй (инээв). Ер нь бидэнд баяр ёслолоор тэмдэглэх цаг хомс байдаг.

-Таны энэ жилийн хамгийн том зорилго юу вэ?

-Уран бүтээлийн, судалгааны, хувь хүний гээд төлөвлөсөн ажил олон байна аа. Биеэ жаахан тэнхрүүлж байгаад эхэлнэ дээ.

 

 

А.ГАНТУЯА

Эх сурвалж: Өдрийн сонин






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.