Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын багт 50-иад дарга явсан гэх мэдээлэл сошиал орчинд тараад буй юм.
Тэгвэл албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр Ерөнхий сайдын айлчлалын багт 15 хүн багтжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Өвлийн олимпийн нээлтэд оролцож байгаа юм. Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцох аж.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай уулзалт хийхээр төлөвлөжээ. Эдгээр уулзалтад оролцохоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар, УИХ дахь Монгол Хятадын Парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд Т.Бадрал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ЭСЯ-ны элчин зөвлөх, 3-р нарийн бичгийн дарга, хэлмэрч нар байлцах аж. Айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын зураглаач, зурагчин, хамгаалалтын бүрэлдэхүүний алба хаагч нар багтсан.
Өвлийн олимпийг өндөр түвшинд зохион байгуулж буй БНХАУ-ын шаардлагыг хүндэтгэж Ерөнхий сайдын ажлын айлчлал анх удаа 15 хүний цомхон бүрэлдхүүнтэй явсан гэж ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн мэдээллээ.