Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хөдөө нутаг, сүргийн бэлчээрээс ард түмэндээ хандан мэндчиллээ.
Улиран одож байгаа “Цөөвөр” хэмээгч Төмөр үхэр жилийн ажил, амжилтаа төрийн гурван өндөрлөгүүд мэндчилгээндээ хэрхэн тодотгож дүгнэснийг онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: МОНГОЛЧУУД БИД 3 САЯ 400 МЯНГУУЛАА БОЛЛОО
-Улиран одож байгаа “Цөөвөр” хэмээгч Төмөр үхэр жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 74 мянган үр хүүхдээр ам бүл нэмж, монголчууд бид 3 сая 400 мянгуулаа боллоо.
- Хэдийгээр дэлхий нийт цар тахалтай тэмцсэн хүнд бэрх цаг үеийг туулж байгаа ч монголчууд бидний хувьд дэлгэр зун, өнтэй өвөл тохиож, мал сүргийн тоо 68 саяар тоологдож, сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац авч, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын төлөө ард түмэн, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсэн нэгэн жилийг үдэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: МАЛЧДЫН ЭГНЭЭ 6600-ГААР ӨРГӨЖЛӨӨ
- Дэлхий даяар уналт, уруудалт нүүрлэсэн энэ цаг үед Монголын маань эдийн засаг 2021 оны 3-р улирлын байдлаар 3.6 хувь өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 29.6 их наяд төгрөгт хүрлээ.
-Оны эцэст экспортын орлого түүхэндээ анх удаа 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
-Буянт малын эзэн малчдын маань эгнээ 6600-гаар өргөжиж, 305.4 мянга болжээ.
-Тариаланчид маань 614.5 мянган тонн үр тариа хураан авсан нь өмнөх оноос 42.8 хувь өсжээ. Түүнчлэн 1.7 сая тонн хадлан бэлтгэсэн нь 2020 оныхоос 45.1 хувь өссөн дүн юм.
-2020 онд огцом агшсан эдийн засаг 2021 онд өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь Монголын ард түмэн төр, засагтайгаа сэтгэл зүтгэл нэг байж, КОВИД-ийн нөлөөг сөрж чадсаны үр дүн мөн. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого, шийдвэрийг УИХ, Засгийн газраас цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүн ийнхүү гарч байна.
-Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэлээ тууштай хэрэгжүүлсэн нэг жилийг үдлээ.
-Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах Шүүхийн тухай багц хуулийг баталж, хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэх бодлогын хүрээнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа.
-Парламентын шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, сонгодог парламентын хөгжлийн нэгэн шинэ үеийг эхлүүллээ.
- Цагаан сарын босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийг нэмж чадсандаа баяртай байна. Азай буурлуудын маань тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400.000 төгрөг боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ ДАХИН СЭРГЭЭЖ ЧАДЛАА
-Өнгөрсөн нэг жилд та бид вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж чадсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хориог тогтоолгүйгээр эдийн засгаа алхам алхамаар нээж, энгийн амьдралдаа хэмнэл хэмнэлээр шилжиж, цар тахлаас улбаалж -5.3 хувь хүртэл унасан байсан эдийн засаг 3.6 хувийн өсөлттэй болж, Монгол Улсын төсвийн орлого 102.7 хувийн биелэлттэй гарч, нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 300 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ.
- Оюутолгойн хэлэлцээрийн эхний үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дэлхий дахинд дахин сэргээж чадлаа.