Их Британийн Гадаад хэргийн сайд хатагтай Лиз Трасс ойрын хоёр долоо хоногт эхлээд Украинд, дараа нь Орост айлчлахаар төлөвлөж байна
Гадаад хэргийн яамны тэргүүн Лиз Трасс Их Британи хориг арга хэмжээ авч болзошгүй хөрөнгө болон Кремльтэй холбоотой хүмүүсийн жагсаалтыг өргөжүүлэхийн тулд энэ талын хуулиа өөрчилнө гэж мэдэгдэв. Трасс хориг арга хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг даваа гарагт парламентдаа өргөн мэдүүлэх төлөвтэй байна.
Оросууд Украин руу дайрсан тохиолдолд Лондон Вашингтон, Брюссельтэй хамтран шинэ хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа юм.
Лиз Трасс ням гарагт BBC телевизээр ярихдаа, шинэ хориг арга хэмжээ нь Оросын санхүүгийн байгууллагууд, эрчим хүчний компаниуд болон Оросын засгийн газрыг дэмжигч аливаа пүүс компани, хувь хүмүүсийг онилж болзошгүй гэж мэдэгдэв.
"Одоогийн хориг арга хэмжээг зөвхөн Украины байдлыг тогтворгүй болгоход шууд оролцож байгаа компаниудын эсрэг оногдуулах болно. Бид иймэрхүү компани болон Оросын эсрэг хориг арга хэмжээ авах боломжтой болохын тулд цар хүрээг өргөжүүлэхийг хүсч байна. Ингэснээр Путины олигархиуд болон Оросын төрийг дэмжигч компаниуд нуугдах газаргүй болно" гэж Лиз Трасс Британийн Sky News сувагт өгсөн өөр нэгэн ярилцлагадаа тайлбарлажээ.
Энэхүү хориг арга хэмжээ нь "Путины олигархиуд"-ын Лондон дахь үл хөдлөх хөрөнгөд нөлөөлөх эсэхийг асуухад Трасс "Ямар ч эргэлзээгүй" гэж хариулжээ.
"Бид яг хэнд ямар төрлийн хориг арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй ярихгүй, гэхдээ эдгээр хууль тогтоомж нь бидэнд илүү өргөн хүрээний зорилтод хүрэх боломжийг олгоно" гэж тэр нэмж хэлэв.
Их Британийн Украинд үзүүлэх тусламжийн талаар Лиз Трасс BBC-д хэлэхдээ, дайн гарсан тохиолдолд тийш нь Британийн цэргүүдийг илгээх магадлал тун бага, гэхдээ Их Британи Украинчуудад зэвсэг, багш сургагч нараар тусалж байна.
Гэхдээ Их Британи болон түүний холбоотнууд Украины хамт дайнаас урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулж байна гэж сайд онцолжээ
"Бид түүнийг [Путиныг] саатуулах, дайнаас зайлсхийхийг итгүүлэхийн тулд дипломат арга замаар боломжтой бүхнийг хийж байна" гэж Трасс ВВС-д ярьжээ. Лиз Трасс мөн ирэх долоо хоногт Украинд айлчлах бодолтой байгаагаа мэдэгдэв. Үүний дараа Орост айлчлахаар төлөвлөжээ.
1-р сарын 29-нд Daily Telegraph сонинд Их Британийн Гадаад хэргийн яамны тэргүүн Лиз Трусын нийтлэл хэвлэгдсэн бөгөөд тэнд Оросын Украины эсрэг явуулж буй кампанит ажил нь Европын аюулгүй байдлын үндэс суурийг эвдэж байна, иймээс Их Британи ""Оросоос гаралтай тодорхой бөгөөд бодит аюул заналхийллийг даван туулах ёстой" гэж бичжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өмнөх өдөр нь Британийн арми НАТО-гийн зүүн жигүүрийн орнууд дахь цэргийн бүрэлдэхүүнээ хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн юм. Хэдий тийм ч Жонсоны хэлээд байгаа энэ бүрэлдэхүүн тийм ч олон биш. Нийтдээ 900 цэргийн бие бүрэлдэхүүний тухай яригдаж байна.
Эх сурвалж:ВВС