Энэ сарын 29, 30-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 630 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 6, нийт 18 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 иргэн нас баржээ.
Мөн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна. Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ тээврийн хэрэгсэлд авч явахдаа зориулалтын суудалд суулгах, суудлын бүс зүүж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 109, орон нутагт 38, нийт 147 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн ч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч мөргөж, амийг нь хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн хүнийг бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.