АНУ-ын Канзас мужаас Сири рүү явсан америк эмэгтэйг “Исламын улс” алан хядах байгууллагад элсэж, зэвсэгт босогчдын эмэгтэйчүүдийн тусгай батальоныг удирдсан хэрэгт буруутгагдаж байгаа тухай АНУ-ын Хууль зүйн яам дурджээ.
42 настай Эллисон Флюк-Экренийг Сирид саатуулж улмаар Холбооны мөрдөх товчоонд шилжүүлжээ. Энэ эмэгтэй Америкийн коллежийн хотхонд халдлага үйлдэхээр бэлтгэж байсан төдийгүй Америкийн худалдааны төвүүдийн нэгэнд террорист халдлага хийх талаар төлөвлөж байсан гэх мэдээлэл байна. Тэрээр Сирид эмэгтэйчүүд, хүүхдүүдэд АК-47 автомат буутай харьцах, амиа хорлох бүсийг хэрхэн ашиглахыг зааж байжээ. Иймээс түүнийг бага насны хүүхдүүдэд зэвсэг хэрэглэх арга зааж өгсөн хэмээн буруутгаж байгаа юм.
2016 онд Сирийн Ракка хотод алан хядах бүлэглэлийн зэвсэгт дайчидтай гэрлэсэн эмэгтэйчүүдээс бүрдсэн “Исламын улс”-ын батальон байгуулагдсан гэх таамаг байгаа юм. Америк эмэгтэйг “ИУ”-д нэгдсэнийхээ дараахан тус бүлэглэлийн удирдагч, зохион байгуулагч болсон гэж сэжиглэж байна. Түүний гэм буруутай нь тогтоогдвол 20 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ.
Энэ оны 1-р сарын 20-нд Сирийн Хасака хотын шоронд халдлага үйлдсэний дараа “ИУ”-ын 200 шахам дайчид тэндээс оргосон. Шорон руу халдсан зорилго нь террористуудын дээд болон дунд шатны удирдагчид, түүнчлэн бөмбөг үйлдвэрлэх зэрэг тусгай ур чадвартай дайчдыг суллах явдал байсан гэж таамаглаж байна.