
Бээжин хот олимпод оролцох зочдоо хүлээн авч эхэллээ. Гэвч Өвлийн олимпод оролцохоор ирсэн зочдын шинжилгээнээс ковидын халдвар илэрсээр байна.
Тодруулбал, сүүлийн дөрөв хоногт 3500 гаруй хүн Бээжинд газардсан бөгөөд тэдний 54-аас шинжилгээний хариу эерэг гарчээ. Мөн өнгөрсөн баасан гарагт 36 хүнээс ковидын халдвар илэрсэн байна. Олимп эхлэх мөч ойртож, зочдын тоо нэмэгдэх тусам ковидын тохиолдол нэмэгдэнэ гэж тооцон бэлтгэлээ базааж буйгаа зохион байгуулагчид илэрхийлсээр байгаа юм. “Халдварын оргил үе дөнгөж эхэлж байгаа тул бид цаашид илүү их тоо харах болно” хэмээн “Бээжин-2022” олимпын Эмнэлгийн шинжээчдийн багийн ахлагч, доктор Брайан МакКлоски ярьжээ. Цар тахлын улмаас АНУ, Швейцар, ОХУ, Норвеги, Словенийн тамирчдын бэлтгэл тасалдаж, Бээжинг зорихоор бэлтгэж байсан тамирчдаас халдвар илрэх тохиолдол их байгаа юм. 246 хүний бүрэлдэхүүнтэй Канадын баг Бээжинд газардсаны дараа таван гишүүнийх нь хариу эерэг гараад буй.