Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 1 дүгээр тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн зарим гишүүний албан тушаал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор орон гарсан тул дээрх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.
Байнгын хорооны тогтоолын төслийн талаарх С.Бямбацогт даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 9 нь дэмжснээр дээрх тогтоолыг баталлаа. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.