Өчигдөр УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны үеэр тэтгэвэр тэтгэмжтэй зэрэгцэн яригдаж, зарим нэг гишүүдийн бухимдлыг төрүүлсэн асуудал бол Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тухай байлаа. Хөгжлийн банк Улс төр бизнесийн бүлэглэлийнхний хуйвалдан хулгайлдаг мөнгөний уурхай болсныг найдваргүй хэмээн тооцож байгаа 1.7 их найд төгрөгийн зээл гэрчилнэ.
Иргэдийг хамгийн их бухимдуулж буй асуудал энэ болоод байна. Засгийн газар тус банкны найдваргүй зээлийн асуудлыг АТГ-аар шалгуулж, хэн хаанаас хэрхэн нөлөөлснийг тогтоох, зээлийг зориулалт бусаар ашигласан эсэхийг шалгахыг үүрэгдээд байгаа. Гэвч иргэдийн хувьд энэ асуудал хэсэг шуурч байгаад мартагдан урьдын адил замхрах вий гэсэн болгоомжлол байгаа юм.
Ер нь 2012 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд тус банк нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгосноос 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжээд байна. Найдваргүй гэгдэж эхний ээлжинд шүүхэд хандаад байгаа 26 зээлдэгчийн 860 орчим тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлж чадах уу гэсэн эргэлзээ их байна. Төр тэдэнд төмөр нүүрээ харуулж чадах уу, бас л намын нэр нүүрээр хаацайлаад толгойг нь илэх үү гэхчлэн асуулт иргэдийн дунд бий.
Гэхдээ эхэлж байгаа хандлагаас нь харвал ямар ч байсан үүнийг АТГ-т шилжүүлж, УИХ-ын түвшинд олон гишүүд бухимдаж шүүмжлэлтэй хандаж, хэн хэрхэн нөлөөлснийг бараг л нэр устай нь дурдах нь холгүй ярина билээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы дараахан МАН-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргалаа. Тус намын ЕНБ Д.Амарбаясгалан “Улсыг хохиролгүй болгохын төлөө МАН нам харгалзахгүй тууштай тэмцэхээ мэдэгдэж байна” гэлээ.
Мөн уг зээлдэгчид зээлээ төлөөгүй тохиолдолд 2023 онд тус банкны төлөх бондын эргэн төлөлтийн 800 сая долларын өрийг төр хариуцаж төлөх тухай ярьж байгаатай санал нийлэхгүй гэдгээ онцолж, зээлийг эргэн төлүүлж, Монгол Улсыг хохиролгүй болгохын төлөө Монгол Ардын Нам тууштай тэмцэхийг мэдэгдлээ.
МАН-ын энэ мэдэгдэл зээлийн эргэн төлөлтийг хангахад төрийн байгууллагуудад чухал дэмжлэг болхоос гадна иргэдийн идэвх анхаарлыг энэ зүгт төвлөрүүлэх боломж олгож байна.
Ямартай ч Ерөнхий сайд “Хөгжил”-ийн банкны найдваргүй зээлдэгч гэгдээд байгаа улс төр бизнесийн бүлэглэлйн эсрэг тэмцэлдээ намынхаа “галын” дэмжлэгийг бүрэн дүүрэн авах бололтой.
Б.Тулга