Ерөөлч Сүхээ: Би байнгын шалгалтад ордог. Гэхдээ би цээжээр шууд ерөөдөг…

2022-1-28
573

“Бидний нэг” контент энэ удаагийн дугаартаа уран цэцэн үгээрээ улс олныг баясгадаг Б.Пүрэвсүх буюу Шинэ цагийн ерөөлч Сүхээг онцоллоо. Урьдаас бэлдсэн үгсээ уран цэцэн уншлаа гэж байнгын шалгалт, сорилттой тулгарч байдаг тэрээр ерөөсөн хүмүүсийн жаргалтай царайг харж кайф авч байдаг гэнэ.

-Б.Пүрэвсүхийг Шинэ цагийн ерөөлч Сүхээ гэдгээр нь хүмүүс андахгүй байх. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Боржигоны оточ овогт Бүддоржийн Пүрэвсүх гэж хүн байгаа юм аа. Би багаасаа урлагт хайртай, урлагт сэтгэл зүрхээ өгсөн. Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид орох хүсэлтэй байсан боловч хараахан тэнцэж чадаагүй. Тэгээд Соёлын дээд сургуулийн Соёлын менежментийн ангийг төгссөн. Соёлын менежер мэргэжилтэй. Байшин баривал барилгачин, багт очвол ухуулагч, тайзан дээр гарвал бүжигчин гэдэг шиг ингээд тал талын сонирхлынхоо дагуу явсаар байгаад сүүлийн үед яг ерөөл гэдэг энэ чиглэлээ барьж  авч байгаа юм л даа.

-Танхай ерөөлч, шинэ цагийн ерөөлч гэдэг нэрийг ард түмэн бий болгосон юм уу?

-Билэг танхай авьяастай гэж би өөрийгөө өргөмжлөөд байгаа ч юм биш. Тийм танхай зодоон нүдээн ч гэж хүмүүс яг ингэж ойлгоод байгаа байхгүй юу. Энэ бол хүмүүс сонин содон нэр хочид их дуртай юм байна шүү дээ. Би эхлээд зүгээр Ерөөлч Сүхээ гээд пэйжийнхээ нэрийг тавьсан юм. Тэгсэн хүн сонирхдоггүй ээ, лайк дардаггүй, дагадаггүй. Шинэ цагийн ерөөл ч гэлээ. Бас байдаггүй ээ. Хүмүүс яг ийм сонин содон этгээд нэрэнд л дуртай юм байна гээд шууд Танхай ерөөлч гээд сольчихсон. Тэгсэн чинь хүмүүс миний пэйжийг дагаад сонирхоод лайк нь нэмэгдээд явчихсан байхгүй юу. Тэгээд пэйжний нэрээр хүмүүс намайг энд тэнд арга хэмжээн дээр очихоор Танхай ерөөлч энэ тэр гэдэг болсон. Тэгээд яах вэ, ерөнхийдөө пэйжээрээ л ихэвчлэн танигдаад байгаа юм болов уу л гэж л бодоод байгаа юм л даа.

 -Урлагийн удам дамжсан авьяас байна уу?

- Боржигоны оточ овог гээд эмч оточ ийм л улсууд байсан юм байна лээ л дээ, манай өвөг дээдэс. Манай аав бол сайхан дуулдаг. Сайхан эгэл жирийн л хүн. Малчин байсан. Манаач ачигчаас авхуулаад л сумын Засаг дарга хүртэл сумынхаа бүх ажил, төрлийг хийсэн ийм хүн. Ээж маань монгол хэл, уран зохиолын багш. Насаараа багш, хичээлийн эрхлэгч хийсэн хүн. Ээжийн хувьд бол шинэ жил болоод  сум орон нутгийнхаа урлаг уран сайханд хөтлөгч хийдэг байсан. Он гэж болдог байсан шүү дээ. Шинэ хуучин оныхоо үгийг зохиодог, бичдэг, цээжилдэг. Тэгээд тэрний юмнууд л надад байна уу гэж би бодоод байгаа юм. Ээжийн тэр үг зохиодог цээж, аавын дуулдаг энэ хоёр нийлээд л би нэг урлагийн хүн болох болсон юм болов уу даа.

-Багаасаа урлагт хайртай байсан ч СУИС-д орж чадаагүй гэлээ. Яаж яваад уран бүтээлч болчхов оо?

-Миний урдуур яг улаан шугам тасалсан. Тухайн үедээ их харамсаж байсан. Уг нь би тухайн үед их л чармайж шалгуулсан. Даанч аз дутсан л даа.

Багаасаа л тайзан дээр олны өмнө л гарах сонирхол маш их байсан. Цэцэрлэгт байхаасаа хойш сэтгэл зүрх бүх юмаа урлагт л, урлагийг бодоод л мөрөөдөөд л нөгөө алдартай хамтлаг, дуучдын сонинг ханандаа наагаад л, дууг нь сонсоод л явдаг байсан. Тэгээд би чинь хамтлагтай байж үзлээ. Ковер дуучин байж үзлээ. Хөтлөгчдийн холбоо гээд хөтлөгчийн холбоотой би чинь бас. Арваад гишүүнтэй. Хөтлөөд дуулаад урлагийн салбарт янз янзаар л явсаар байгаад л яг сүүлийн нэг хоёр жил л энэ ерөөл гэдэг юман дээрээ л тогтчихсон доо. Ингэж явсаар арван таван жил зүтгэчих шиг боллоо шүү.

-Бас л багагүй хугацааг зарцуулсан байна шүү.

-Би чинь одоо янз янзаар урлагт үзэж байна даа. Ковер дуу чинь дуучин ВХ-ийг би янзын коверлож  байсан. Зарим хүн андуурч л байлаа. Тэрийг нь ашиглаж би бас хөөрхөн зарим нэгийг нь хулхидаж ч явлаа. ВХ болж тухайн байгууллагын менежертэйгээ яриад би ВХ-ийг авчиръя гэж би өөрөө утсаар ярингуутаа. ВХ-ийн хувцсыг өмсөж орж ирээд л янз янзаар үзсэн дээ. Ер нь бол хүмүүс ялгадаггүй байсан. Хар шил зүүгээд л, шляпан малгай өмсөөд л ВХ-ийн дууг дуулаад л хөөрхөн пижигнүүлж байсан, пижигнүүлж байсан. Одоогоос арваад жилийн өмнө шүү дээ. ВХ чинь тухайн үед аймаар од байлаа.

-Нэг арга хэмжээн дээр дуучин ВХ-тэй таарсан гэсэн шүү дээ. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Таарсан. Чингис ресторан чинь нэг давхартаа, таван давхартаа хоёр ресторантай шүү дээ. Ядаж байхад би хоёулан дээр нь дуулах болж таараад нэг рүү нь орчхоод гарсан чинь тэнд бас ВХ дуулчхаад дээшээ гарчихсан байсан. Тухайн хүмүүс их гайхсан байх аа. Түрүүн ВХ ирж дуулчхаад ахиад бас хувцсаа солиод ороод ирдэг юм байх даа л гэж бодсон байх. Гэхдээ тухайн үед шинэ жилийн хүмүүс чинь хөөрчихсөн, баярлачихсан, жоохон доргичихсон, халчихсан  байдаг болохоор сүйдтэй ажиглаагүй болов уу л гэж боддог юм.

-Тааралдахад яг ямар санагдсан бэ?

Яг улаан нүүрээрээ нүүрэлдээгүй. Зөрөлдөж явсаар байгаад сүүлдээ ВХ миний утсыг олоод хаанаас ч юм олоод над руу ярьсан л даа. “Хөгшин одоо болиоч ээ. Ахиж одоо ийм байдалтай чамтай таарвал шүүх дээр уулзана шүү” гэж утсаар ярьсан. Тэгээд би, за за би ахиж чамайг дуурайхгүй ээ гэж хэлсэн. Тэгээд л яг тэр хэлсэндээ хүрч шууд хамтлаг байгуулсан. Бараг хоноггүй шахуу л байгуулсан л даа. Шинэ жил ч дөхчихсөн байсан. Тэгээд шинэ жилээр ганцаараа хөтөлж байснаас хамтлаг байгаад хамтдаа хүч нэмэхээр бас хамаагүй зүгээр байдаг. 

Тэгээд Поп, R and B чиглэлийн хамтлаг байгуулсан. Дуулдаг, бүжиглэдэг “Соронз” гэдэг хамтлаг байгуулаад хоёр, гурван клип гаргасан чинь хүмүүс ВХ хамтлаг байгуулчихжээ гээд нэг хэсэг тэгж шуугьж байсан юм.

-Яагаад ерөөе гэж бодсон юм бэ?

-Энд тэнд найранд хөтлөлт хийгээд явж байхад ерөөж байгаа хүмүүс нь миний сэтгэлд хүрдэггүй байсан. Цээжилчихсэн юм аа Наанаа нандин хээтэй, Цаанаа чамин хээтэй гээд л ерөөдөг. Тэрийг бол хэн ч дээл өмсөж байгаад л цээжлээд уншчихна. Манай Өмнөговь аймаг чинь өөрөө ерөөлчдийн өлгий нутаг. Алдар цуутай маш олон ерөөлч нар төрөн гарсан байдаг. Би багадаа ерөөлч нар гэдэг ямар хүмүүс гэдгийг ерөнхийд нь мэднэ. Тухайн үед би чинь нөгөө бага залуу хүүхэд байсан болохоор сонирхдоггүй байсан. Тэгэнгүүт яг харьцуулагдаж байгаа байхгүй юу. Ихэнх нь СУИС-ын уртын дуу төгссөн нөхөд байгаа шүү дээ. Уртын дуугаа дуулчихаад хэдэн дөрвөн мөрт ерөөчихдөг. Энэ бүхнээс ажигласаар би энэ талын орон зай, ер нь дутагдаж байгааг хараад тэгээд оролдож үзмээр юм байна даа гэж тухайн үед бодож байсан. Тэгээд л жоохон ерөөл оролдоод л яваад байсан байхгүй юу. Ерөнхийдөө оролдож явж байгаад нэг үсний найран дээр ерөөсөн юм. Тэгсэн чинь тэр үсний найран дээр баахан урлаг соёлын бас олны танил улсаад байсан юм байна лээ л дээ. Тэгсэн чинь тэр дунд нэг хүн байж байгаад гар утсаараа миний ерөөлийг бичлэг хийж аваад сошиалд тавьчхаж. “Шинэ цагийг ерөөлч гэнэ ээ” гээд тавьчихсан байсан байхгүй юу. Хүүе юу болж байна аа, нэлээн их хүн амьтан үзчихсэн хандалттай байсан. Тэгэхээр нь тэрнээс урам аваад би өөрийгөө шинэ цагийн ерөөлч, би ерөөсөө шинэ цагаар явах юм байна. Шинэ цаг гэдэг маань өмссөн зүүсэн брэнд хүмүүсийн сонирхоод байгаа Айпон про макс арван гурав бариад, арлын Японд үйлдвэрлэсэн алдарт Тоёота компанийн машин унаад гээд энэ чиглэл рүү нь би ерөнхийд нь ерөөж эхэлсэн байхгүй юу.

-Өөрийн тань бодлоор ерөөлч хүн ямар байх ёстой вэ, онцлог нь юу вэ?

-Ерөөлч хүний онцлог бол цаанаасаа төрдөг гэж зарим хүн ярьдаг юм. Миний хувьд бол нэг их төрдөг, төрлөө гэх нь хаашаа юм. Зүгээр маш их хичээл зүтгэл гаргаж л байгаа л даа. Тэгэхдээ яг гол зарчим нь Соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт ерөөлч Оргоо гэж манай Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат тийм малчин хүн байсан юм. Тэр хүний яриаг би сонсож байхад ерөөсөө ажигла. Ерөөх гээд оччихсон байгаа үедээ мэнд усаа мэдэлцээд сайхан цайгаа уугаад л ажигла. Хүмүүсийн ааш авир, зан, хувцас, хунар байгаа байдал бүгдийг нь ажигла. Одоо би гэхэд л энд хоёр камер байгаа юм байна. Хойно урдаас нь харсан цагаан, шар гэрэл байна. Энд одоо ийм ийм ийм дэлгэц байна, компьютер байна гээд эд нарыг ажиглачихна. Тухайн хүндээ ажиглаж байгаагаа мэдэгдэхгүй өнөө хүнтэйгээ тухайн юмаа яриад л байна. За тэгээд л цаг боллоо. За ерөөлөө айлдана уу гэхэд ажиглачихсан байсан юм чинь ямар ч асуудал байхгүй. Яг үнэн юм уу, худлаа юм уу гэж зарим нь боддог юм шиг байгаа юм. Зүгээр нэг бэлдэж, бэлдэж урьдчилаад ингээд баахан цээжилчихсэн юм аа, яваад байна уу гэж зарим нь боддог юм шиг байгаа юм. Ер нь тэгээд байнгын шалгалтад л орж л, сорилтод орж л явдаг л юм л даа.

 -Үргэлж сайн сайхан ерөөлийн үгсийг хэлнэ гэдэг сонсож байгаа хүмүүст ч тэр хэлж байгаа өөрт ч тэр маш их аз жаргалыг өгч байдаг байх?

-Хүмүүсийг ерөөгөөд дуусахад “Өө ёстой гоё бид нарыг ямар гоё магтчихав аа, энэ залуу” гээд л харж байгаа хүмүүсийн царай их гоё байдаг юм. Хүмүүсийн царай руу харахад нэг тийм гоё гэрэлтсэн царайнууд. Тэрийг харах их гоё кайфтай байдаг. Тэгээд амны билгээс ашдын билэг гэж сайн сайхан юм яриад танайх гэдэг энэ сайхан айл дэвжиж дэлгэрч, цэцэглэж хөгжиж, ашиг орлого нь арвижин тэлж, асгаран сагаж эрүүл энх саруул сайхан амьдраарай гээд хэлчихээр ямар ч хүн “өө ёстой гоё үг хэллээ. Гоё ерөөл боллоо хурай, тэр ерөөл бат сайхан орших болтугай” гээд баярлаж байгаа, хурайлж байгаа тэр дууг сонсож хүмүүсийн баярласан гэрэлтсэн царайг харах л их гоё байдаг.

-Ерөөлч Сүхээ гэдгээр нь хүмүүс илүүтэй хүлээж авсан. Яагаад гэнэт дуу дуулаад эхэлчхэв?

-Дан ерөөгөөд яваад байхаар бас жоохон цулгайдаад. Монголчууд чинь дуулах дуртай ард түмэн учраас дуу зохиож дуулахгүй бол бас горьгүй юм байна гээд морин хуурч багшдаа хандсан. За та нэг ая зохиогоодох би нэг үг зохиогоодохъё. Нэг сайхан дуутай болъё гээд “Ерөөе өө” гэдэг дуу зохиосон. Ингээд дуутай болсон чинь хүмүүст их таалагдсан. “Ерөөе өө”, “Энх явж мөнх жаргаарай”, “Миний хайр” гэдэг дуунууд байна. Тэгээд бэлгэ дэмбэрэлтэй “Ерөөлөөр болог” гэдэг нэртэй дуугаа төрсөн өдрөөрөө гаргахаар бэлтгэл ажил хийгдээд явж байгаа. Дахиж давраад би чинь одоо бүр цомог гаргах гээд ерөөлийн есөн дуутай цомог гаргах гээд зорьж байна. Энэ намар цомгоо гаргачихна гэсэн төлөвлөгөөтэй явж байна даа.

-Б.Пүрэвсүхийн амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Би ер нь хүнд нэг их гай болчихгүй юм сан. Хүнийг нэг муу муухай юм руу уруу татчихгүй юм сан. Миний гол баримталдаг зарчим архи, тамхи хоёроос байнга хол явъя аа. Энэ залуучууд дүү нараа ч гэсэн хол байлгах, ээж ааваа сайхан хайрлах хэрэгтэй байна.

Одоо цагийн залуучуудад хэлчихмээр юм байгаа. Хэлчхэж болно биз дээ тэ. Эрүүл мэндээ их хайрлахгүй байна аа. Залуучууд архи, тамхи, шарсан хуурсан янз янзын хоол элдэв тансаглал их өвчлөл дагуулж байна уу даа гэж хараад байгаа юм. Тэгэхээр эрүүл мэндээ хайрлаарай залуучууд минь гэж залуучууд, дүү нар, үе тэнгийн найзууддаа хэлмээр байна. Эрүүл байж байж их гоё гоё зүйлийг хийж бүтээж, мөрөөдөлдөө зорилгодоо хүрмээр байна.

Жаргалан, жаргалан, жаргалан 

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний дотроос чухам жаргалан,

Эрүүл энхийн нэгэн жаргалан гэж их зохиолч Дашдоржийн Нацагдорж гэж мундаг зохиолч хүний ишлэлийг яахын аргагүй байнга амьдралдаа санаж, мөрдлөг болгодог.

-Таны хэлж амжаагүй миний асуугаагүй үлдсэн зүйл байвал танд энэ мөчийг үлдээе.

-Нээрээ нэг юм дутуу байгаа юм байна. Би чинь гангалах улаан хобби шүү дээ. Манайх чинь олуул оюутан байсан. 2000 оны үед чинь мөнгө төгрөг ховортой эдийн засаг муу байсан цаг. Өлсгөлөн зөлмөн пирожки, мантуун буузны мөнгө ч ховор байхад л гангалах гээд л ямар нэгэн аргаар ганган гинГ, шил зүүчих гээд л хичээнэ. Ганган хувцас хунар өмсөөд шивээс энэ тэр хийлгэсэн нь гангалж байгаагийн л нэг илрэл шүү дээ. Ер нь гангалах дуртай. Одоо бол дээлээрэй гангарч байна. Дээлийг би шинэ цагийн ерөөлч гэдэг утгаар шинэ маягийн болгож янз янзын болгож өмсөж байна. Янз янзын малгайгаар гангарч байна. Монгол малгай, шляпан малгай гээд ер нь л гангалах дуртай.

-Сар шинийн баяр болох гэж байна. Ард түмэндаа хандаад ерөөлөө айлтгахгүй юу?

Зээ дээрээс мөнхөд мандах алтан нарны туяан дор

Дэлхий дахинаа алдартай, агуу дээдсийн өлгий

Авшиг буянтай ард олон түмэн минь

 Алдарт монгол түмэндээ

Аминчлан захих аз жаргалын сайхан ерөөл байна аа.

Зээ арван долоодугаар жарны усан цагаан бар жилийнхээ

Хаврын тэргүүн сарнаар,

Хамгийн дотнын эрхмүүдтэйгээ,

Хайртай дотнын та бүхэн маань

Өндөр настай өвөг дээдэсдээ

Амар мэндийг нь золгож, тохой золгон мэндлээд

Нарны өнгөтэй сайхан бүсээ зөв ороогоод,

Нандин сайхан сургаалыг нь сонсоод

Настан буурлуудаасаа нас буян хайрлуулаад

Эрүүл энх саруул сайхан энх явж, мөнх жаргаж

Айсдас хүйдэст автуулаад байгаа

 Амны хаалтнаас салгадаггүй

Айхтар муу корона өвчин чинь

Цагийн сайхан ирж

Цас мөстэй хайлаад

Цагаан сараараа бүгдээрээ цалгиж цалгиж.

Юу санасан есөн цагаан хүсэл чинь сэтгэлчлэн бүтэж

Өглөө мандах нар шиг гэгээлэг сайхан жрагал

Өнгийн цэцэг шигээ дэлгэрэх сайхан жаргал

Өөдөө ноцох гар шигээ цовоо сайхан жаргалтай

Ертөнцийн наранд ивээгдэж

Есөн үеэрээ жаргаж явахын

Өлзийтэй сайхан ерөөлийг

Өнөр олон Монгол түмэн та бүхэндээ

Өөд өөд нь өргөн барин дэвшүүлэн айлтгая аа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.