Монгол улсын хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд ороод байна. Тодруулбал тус банкнаас авсан зээлийн гэрээний биелэлтээ хангаагүй 26 компанийг шүүхэд өгч, нийт 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг гаргаад байгаа . Хөгжлийн банк энэ чанаргүй зээлээс үүдэж хаалгаа барих уу гэдэг асуудал ч яригдах болсон.
Уг асуудлын эх 2016 оноос өмнө эхлэлтэй гэхэд болно. Тодруулбал одоогоор олгогдсон чанаргүй зээлийн дийлэнх нь 2015 оноос өмнө олгогдсон байгаа юм . Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд улс төрд нэр бүхий хүмүүс болон тухайн үед Хөгжлийн банкыг толгойлж байсан удирдлагууд нэр холбогдож байгаа.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Хөгжлийн банкны захирлаар хэсэг хугацаанд ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Засгийн газраас зээлийн чанарт анхаар, банкны засаглалыг сайжруулах, дүрэм журмыг шинэчлэх гол чиглэлийн дагуу Хөгжлийн банкны захирлаар 2019 оны 6 сараас 12 дугаар сар хүртэл, нийт 6 сарын хугацаанд ажиллаж байсан юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: “Намайг анх ажил авахад л байсан муу зээлдэгчийн жагсаалт одоо ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тиймээс би өөрийн ажилласан 6 сарын хугацаанд прокурор, хууль хяналтын байгууллагатай хамтарч, зээл төлөгдөхгүй байгаа асуудлыг төлүүлэх ажлыг эхлүүлж байсан. 2019 онд уг ажлыг эхлүүлээд явсан. Одоо 2022 он гарчихаж. ерөөсөө үр дүн гараагүй байна. Миний тухайд Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан 6 сарын хугацаандаа зээл олгоогүй. Гүйцэтгэх захирал дангаараа ямар ч зээл шийдэх боломжгүй байдаг. ТУЗ, зээлийн хороод нь шийддэг” гэж онцоллоо.
Харин хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ: “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны нийт активын 50 гаруй хувь чанаргүй болсон. Чанаргүй болсон зээлүүд нь 2015 оноос өмнө олгосон урт хугацааны том зээлүүд. Хөгжлийн банкны ихэнх олгож байгаа зээл нь Засгийн газрын зөвшөөрлөөр олгосон. Монголбанкны зүгээс зээлийн чанарыг сайжруулах зөвлөмжийг Хөгжлийн банкинд өгч байгаа” гэж тодотгосон юм.
Э.Сугар