АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт Оросын цэргүүд Украинд нэвтэрсэн тохиолдолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг хориг арга хэмжээ авах боломжтой гэдгээ хэлсэн. Өмнө нь засаг захиргааны албан тушаалтнууд мөн Орос улс Украинд халдлага үйлдвэл өндөр технологийн экспортыг хориглоно гэж мэдэгдсэн.
Барууны орнуудаас ОХУ-ын төрийн тэргүүнд биечлэн ямар нэгэн хориг арга хэмжээ аваагүй байна.
Даваа гарагт АНУ, Европын хэд хэдэн орны тэргүүн, НАТО-гийн удирдлагатай хийсэн цахим хурлын үеэр Оросын цэргүүд Украинд халдан довтлох аюулын эсрэг авах хамтарсан арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн.
Мөн мягмар гарагт Берлин хотноо Эммануэль Макрон, Олаф Шольц нар хоёр талын уулзалт хийсэн. Уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдвал хатуухан хариу үйлдэл үзүүлнэ гэдгээ дахин мэдэгдэв. Тэд Украинд довтолсон тохиолдолд Орос "өндөр үнэ" төлөх болно"гэж мэдэгджээ.
Мягмар гарагийн өглөө Борис Жонсон Их Британийн парламентад үүнтэй төстэй мэдэгдэл хийж "Оросын зүгээс Украин руу чиглэсэн аливаа довтолгоонд бид уялдаа холбоо бүхий хариу арга хэмжээ авахаар тохиролцсон. Хамтарсан хатуу хориг арга хэмжээ нь ОХУ-ын эсрэг өмнө нь авч байснаас илүү хатуу байх болно. Бид тохиролцсон. Эдгээр арга хэмжээг аль болох хурдан батлахад бэлэн байна. Владимир Путины үйлдлийн хариуд Оросын эсрэг үндэсний хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэхээс айхгүй" гэжээ.
Мягмар гарагт Төрийн департаментад сэтгүүлчдэд зориулсан нэрээ нууцалсан хэвлэлийн бага хурлын үеэр "Украйн руу түрэмгийлсэн тохиолдолд Вашингтон урьд өмнө байгаагүй хатуу хориг арга хэмжээ авахаар шийдсэн" гэж BBC-ийн сурвалжлагч Барбара Плетт Ашер мэдэгдэв.
Энэ хатуу гэдгийг зарим талаар тодруулбал, хиймэл оюун ухаан, квант тооцоолол, сансрын технологийн салбарт АНУ-д боловсруулсан технологиор бараа бүтээгдэхүүн экспортлохыг зогсоохыг санал болгож байна.
Түүнчлэн Вашингтон хориг арга хэмжээний хариуд Орос хий дамжуулах хоолойгоо тасалбал Европт байгалийн хий нийлүүлэх өөр сувгийн талаар Ойрхи Дорнод, Хойд Африк, Азийн орнуудтай хэлэлцээ хийж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдэв.
Үүнтэй зэрэгцэн Цагаан ордны хэвлэлийн алба АНУ-д үйл явдлын цаашдын өрнөлийн тохиолдлуудад хэрэгжүүлэх цэргийн хэд хэдэн хувилбар бий гэж мэдэгдэв. Түүнчлэн Зүүн Европын орнуудад НАТО-гийн цэргийн хүчний оролцоог нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт гэж Вашингтон үзэж байна.
АНУ-д 8500 цэргийн албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд тэднийг хэзээ ч Европт байршуулах боломжтой.
Пентагоны тэргүүн Жон Кирбигийн хэлснээр, НАТО-оос хүсэлт гармагц, эсвэл Кирбигийн хэлснээр "бусад хэд хэдэн нөхцөл байдалд" энэ нь хэрэгжих болно.
Дайчилгааны санааг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин дэвшүүлсэн. Цэргүүдийг шилжүүлэх шийдвэрийг Жо Байден батлах ёстой.
Эх сурвалж: ВВС