Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г танилцууллаа.
Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь, Орхон, Дархан-уул, Өмнөговь аймаг тэргүүлсэн бол Дундговь, Завхан, Булган аймаг сүүл мушгижээ. Тэр дундаа Булган аймаг гурав дахь жил дараалан хамгийн сүүлд оржээ. Мөн аймгуудын өрсөлдөх чадвар өмнөхөө бодоход дунджаар 9 оноогоор урагшилсан байна.
ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Доктор П.Цагаан: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г гаргаад арав гаруй жил болжээ. Аймгуудыг бизнес, дэд бүтэц, засаглал гэх мэт дөрвөн төрөлд 175 үзүүлэлтээр эрэмбэлдэг. Бид цар тахал, хөл хорионы үед буюу хүнд хэцүү цагт ажиллаж чадсан ба тусалж дэмжсэн байгууллагуудад талархал илэрхийлье.
Судалгаанаас 2-3 нийтлэг зүйл ажиглагдаж байна. Цар тахалд дасан зохицож, шинэ хэв маягаар ажиллах хандлага руугаа явж байна. Монгол улс нийгмийн халамж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих төрөл бүрийн бодлогыг барьж байна. Дэд бүтэц, хөрөнгө оруулалт ямар чухал вэ гэдгийг агаар болон газрын хил хаасан тохиолдолд бид мэдэрлээ.
Энэ жилийн тайлангийн нэг онцлог нь өнгөрсөн 10 жилд Орхон аймаг үргэлж тэргүүлж байсан бол энэ жил Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. Тус аймгийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил нөлөөлсөн.
Тайлангаас зарим зүйлийг сонирхуулахад,
- Бизнестэй холбоотой лиценз, тусгай зөвшөөрөл олгоход Дорноговь аймаг сайн, Архангай аймаг хамгийн хүнд сурталтай байна.
- Шударга өрсөлдөөнт орчин Сэлэнгэ аймагт их, Өвөрхангайд бага байна.
- Улаанбаатар руу шилжин ирэгсэд Баян-Өлгий аймгаас хамгийн бага буюу 378 хүн ирсэн бол Төв аймгаас 3728, Өвөрхангайгаас 3732 хүн шилжсэн.
- Жендэрийн эрх тэгш байдал Архангай өндөр, Хэнтийд тааруу байна.
- Бизнесийн орчин Дорноговь сайн бол Завхан, Архангайд тааруу
- Хадгаламж эзэмшигч өндөр байгаа Сэлэнгэ, Дорнод эзэмшигчдийн тоогоор Өмнөговь өндөр байдаг бол Орхон аймагт хамгийн цөөн гэх мэт үзүүлэлттэй байна.
Аймаг төдийгүй улс орныг хөгжүүлэхэд бизнес орчинг сайжруулах шаардлагатай нь үүнээс харагдаж байна.
ААН-ийн албан татварын тодорхой хувь аймагтаа үлддэг болсон ба хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг аймагтаа татахыг Засаг дарга, удирдлагууд анхаарах хэрэгтэй. Тайлангийн ач холбогдол нь өнгөрсөн нөхцөл байдлаа өнөө цагтайгаа харьцуулж, сайжруулалт хийхдээ ашиглаж аймгууд өрсөлдөх чадвараа ахиулахад чиглэсэн.
Судалгааны эх сурвалж нь статистикийн газар, Монгол Банк, бизнес эрхлэгчдийн санал асуулгыг үндэслэдэг буюу ямар ч улс төрийн нөлөөгүй юм.